Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авсан дэлхийн хамгийн баян хүн Илон Маск өнгөрсөн долоо хоногт гэрээгээ дуусгавар болгомогц үйл ажиллагаа эрхэлсэн захирлуудыг халж, тус компанид хийх өөрчлөлтүүдээ цаг алдалгүй эхлүүлсэн. Тэрээр хэрэглэгчдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан ч цэнхэр тэмдэглэгээтэй хэрэглэгчдээс сар бүр 8 ам.долларын хураамж авахаар болсон байна.
Уг цэнхэр тэмдэглэгээ нь найдаж болох эх сурвалж бүхий жинхэнэ хэрэглэгч гэдгийг баталдаг. Маскийн хэлснээр баталгаажуулалтыг илэрхийлэх цэнхэр тэмдэглэгээтэй хэрэглэгчид мөнгө төлж байгаа тул бусдаас давуу эрх эдэлнэ. Тухайлбал бусдад хариу өгөх, бусад хаягийг дурдах, хайх зэрэг үйлдлүүдэд давуу байдалтай оролцоно. Түүнчлэн хэрэглэгчид хураамж төлснөөр спам буюу хуурамч хаягуудыг Твиттерээс устгахад чухал үүрэгтэй гэдгийг Маск хэлжээ.
Цэнхэр тэмдэглэгээтэй 400,000 хэрэглэгч уг өөрчлөлтөд хамрагдана. Төлөвлөгөөний дагуу эдгээр хэрэглэгчид зар сурталчилгаа бага үздэг болно. Бусад хэрэглэгчдийн хувьд ч зар сурталчилгааны цагийг одоо байгаагаас 50 хувиар бууруулах ба урт хугацаатай бичлэг, клипнүүдийг нийтлэх боломжтой болох юм.
Олны танил алдартай хүмүүсийн нэрээр хуурамч хаягууд нээх болсон тул Твиттер 2009 оноос албаны ёсны хаягуудад цэнхэр тэмдэглэгээ олгож эхэлжээ.
Эх сурвалж: The Guardian