Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.12.23/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлаар Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг завсарлага авлаа.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан “Дарханы арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаарх” асуулгад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариу өгөв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэлдээ тэрбээр, орон нутгийн өмчит “Дархан арьс ширний цогцолбор” ХХК дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулан Хөгжлийн банкнаас 18.7 тэрбум төгрөгийн зээл авч, 12.7 тэрбум төгрөгийг цахилгааны шугам сүлжээ, дэд станц, цэвэрлэх байгууламж, гадна ус, дулаан хангамжийн бүтээн байгуулалтад зарцуулсан ба нийттээ 40.8 тэрбум төгрөгийг гаргасан гэж Үндэсний аудитын газар дүгнэлт гаргасныг дурдлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам орон нутгийн өмчит “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-тай 2020 оны тавдугаар сард “Бодлогын гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээнд “Зээлийн хүүгийн татаас олгох гэрээ” байгуулах замаар банк, санхүүгийн байгууллагаас санхүүжих зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээр заасан байна.
Мөн 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад тус цогцолборын бүтээн байгуулалтад зориулан 10.0 тэрбум төгрөг баталжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд энэ талаар, “Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооноос, орон нутгийн өмчит "Дархан арьс ширний цогцолбор" ХХК-ийн дэд бүтцийн ажлын магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, өмчлөгч тодорхой бус, тендер зарлах байршил зөрүүтэй, баригдсан бүтээн байгуулалтын ажил нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шалгаруулалт хийгдээгүй гэх шалтгаанаар тендер зарлах боломжгүй гэж үзсэн тул улсын төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй болсон” гэсэн юм.
Сайд цааш үргэлжлүүлэн, “Хувийн хэвшлийн гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалтын ажил хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай байдлаас шалтгаалж удааширсан, цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болсон. Иймд Улсын Их Хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Дархан арьс ширний цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийг байгуулсан” хэмээн мэдээлэв.
Засгийн газраас арьс, шир боловсруулах цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийд тэргүүлэгч байгууллагатай хамтран ажиллах, дэлхийн болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн шинэ, дэвшилтэт техник, технологийг нэтрүүлэхээр ажиллаж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэлдээ онцлоод, “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/130 дугаар захирамжаар олгосон 25 га газарт төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Тус цогцолборын бүтээн байгуулалтыг 2 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн бүтээн байгуулалтаар жилдээ 2.4 сая ширхэг арьс, шир боловсруулах 3 үйлдвэрийг цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн хамт байгуулахад нийтдээ 300.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна” гэлээ.
Итали улсын тоног төхөөрөмжөөр тогноглогдох цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж, түр дэд бүтцийн бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Мөн үйлдвэрийн барилгын зураг төсвийг боловсруулах ажил дуусах шатандаа орж, дэд бүтцийн зураг төсөл боловсруулах ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгааг сайд тэмдэглэв.
Тэрбээр, “Улсын Их Хурлаас төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах замаар Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх, зээлийн чанарыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосны дагуу яам болон банк хооронд салбарын хамтын ажиллагааг дэмжих хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Орон нутгийн өмчит “Дархан арьс ширний цогцолбор” ХХК, Хөгжлийн банк хооронд үүссэн өр, авлагыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч цаашид тус компанийн гүйцэтгэсэн дэд бүтэц дээр ажиллах асуудлыг шийдвэрлэх болно” гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн тавьсан асуулгад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны өгсөн хариутай холбогдуулан гишүүн Ганибал, Г.Дамдинням, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Ц.Идэрбат, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, санал хэлсэн юм. Гишүүд мал аж ахуйн түүхий эд үнэ цэнэгүй болж, их хэмжээгээр хаягдан, малчдын орлогын томоохон эх үүсвэр үгүй болсон нь сүүлийн жилүүдэд төр, засгаас авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны сөрөг үр дагавар болохыг дурдаж, цгцолборын ашиглалтад орох хугацаа, хүчин чадал, түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоо ямар байх зэргийг нэн тэргүүнд хөндөж байлаа. Мөн Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчтэй, хувийн хэвшлийн оролцоотой “Дархан арьс ширний цогцолбор” ХХК болон Засгийн газраас байгуулсан “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн үйл ажиллагааны уялдааг хэрхэн хангах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэх мэт тодорхой сэдвүүдээр асуулт асууж, хариулт авав.
Дараа нь асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэллээ. Тэрбээр, арьс, шир боловсруулах үйлдвэрийн цогцолборыг Дархан-уул аймагт байгуулахаар шийдвэрлэсэн нь маш зөв гээд, хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэж байгаад хажууд нь төрийн өмчийн компани байгуулсан нь буруу гэж цогцолборын дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн 14 компанийн төлөөлөл, нутгийн иргэд байнга гомдол гаргах болсныг дурдав. Мөн тэрбээр, цогцолбор байгуулах шийдвэр 2018 онд шийдвэр гарч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 180 га газар олгож 15 хувийг нь эзэмших, 85 хувийг “Лидер капитал” компани эзэмшихээр гэрээ байгуулсан байдаг. 13 үйлдвэрт 10 сая арьс, шир, 10000 тонн ноос, ноолуур боловсруулна, 225 сая ам.доллараар бүтээн байгуулалт хийж, 40 жил ашиглана, 1200-1800 ажын байр бий болно гэсэн тооцоотой. Алсын хараа 2050-д хөгжлийн хөтөлбөрт орсон. Ерөнхий сайд Дархан-Уул аймагт ажиллахдаа Улаанбаатар хотод ажиллаж байгаа арьс, ширний үйлдвэрийг бүгдийг Дарханд авчирна гэж ярьсан. Ард иргэдийн хүлээлт маш их байсан, одоо ч байна.
Гэвч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний сайдын хариултаас энэ талаар яг таг шийдсэн зүйл байхгүй байна гэж ойлголоо. Үүнийг шийдээд явах ёстой. Энэ асуудлаар 2012 онос Монгол Улсын гурван хууль, Улсын Их Хурал, Засгийн газрын есөн тогтоол гарсан боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. Шинээр томилогдсон сайд эрч хүчтэй ажиллаж, эдгээр шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана гэдэг найдаж байна.
Цогцолбор байгуулах ажлыг дан хувийн хэвшлийн хөрөнгө, хүчээр хийх боломжгүй. Иймд хувийн хэвшилтэй хамтарч ажиллая гэвэл зээл, санхүүжилтийн асуудалд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай. Саяхан Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн байнгын хорооны төлөөлөгчид газар дээр нь очиж үзээд, төрийн өмчийн үйлдвэр байгуулах шийдвэрийг цуцлаад эргэж мэдэгд гэсэн чиглэлийг Засгийн газарт өгсөн. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хувийн хэвшлийнхэнтэй яаралтай яриа хэлэлцээ хийж, энэ чухал төслийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар нягт хамтран ажиллах шаардлагатай байна гэсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.