Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны (2022.12.27) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон ложистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Төслийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүний тээвэр логистикийн жишиг төвийг Өвөрхангай аймагт байгуулж, улсын чанартай 311 км автозам, найман ширхэг төмөр бетон гүүрний их болон ээлжит засварыг хийн, Архангай, Булган аймагт 51 км автозам шинээр барих юм. Мөн техник туслалцааны журмаар тээвэр логистикийн болон автозамын сүлжээний чадавх, менежментийг дээшлүүлж, хууль, эрх зүйн орчин, норм нормативыг сайжруулах ажлууд хийгдэнэ гэж Сангийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Төслийн нийт өртөг 132 сая ам.доллар бөгөөд үүний 100 саяыг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны, 7,3 саяыг Олон Улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Үлдэх 22.7 сая ам.долларыг Монголын тал хариуцах юм.
Засгийн газар 2022-2025 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2.8-6.14 хувьтай гарна гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын 2023 оны батлагдсан төсөв, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд тусгагдсан гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Засгийн газрын өрийн Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувь 2023 онд 53.2 хувь, 2024 онд 51.7 хувьтай тэнцэж, төсвийн тусгай шаардлагыг хангана хэмээн Сангийн сайд мэдээлэлдээ дурдлаа.
Засгийн газраас зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн энэхүү Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор тогтлоо.