УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.01.02/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг бүлгийн гишүүд дэмжиж, ажлын хэсэг гаргаж, боловсруулалтыг сайжруулах шаардлагатай гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ.
ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сүүлийн үед иргэдээс төрд шударга ёс тогтоож, тэгш боломж олгох тухай шаардлагуудыг удаа дараа тавьж, зарим тохиолдолд жагсаал цуглаан хийж байгаа. Иймээс Засгийн газар болон эрх барьж байгаа намын зүгээс үүсээд байгаа асуудлыг УИХ-тай хамтран иргэдтэйгээ хэлэлцэж, гарц шийдлийг олж, оношийг зөв тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн ард иргэдийг бухимдуулж байгаа авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг таслан зогсоох чиглэлд цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал гэж тодорхойллоо. Иймд УИХ, Засгийн газраас хамтарсан баг гаргаж, иж бүрэн судалгаа хийсний үндсэн дээр багц арга хэмжээ авахад зорьж ажиллах хэрэгтэй'' гэв.