Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.01.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох асуудлаар үргэлжилсэн.
Энэ талаарх УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, УИХ дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын дэд даргад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Лхагвын Мөнхбаатарын нэрийг дэвшүүлснийг мэдэгдлээ.
Нэр дэвшигч Л. Мөнхбаатар нь 1977 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрж, 1985-1995 онд тус аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006-2008 онд “Отгонтэнгэр” их сургууль, 2015 оноос МУИС-ийн төгсөлтийн дараах докторантад суралцсан. 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна гэв.
Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Мөнхбаатарыг сонгох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэн тул “Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав.