С.Эрдэнэ тамга тэвэрч өтлөхөөр шийдсэн байна. Мань эр Д.Ганбатад тамга биш тамга өгнө гэсэн батламж гардуулсан байна. Даага аваарай гэдэг шиг тамга аваарай гэж амласан юм байна. С.Эрдэнэ өмнө нь М.Тулгатад тамга биш тамганы хайрцаг гардуулж байсан туршлагатай юм. М.Тулгат хайрцгийг авч өрөөндөө ороод онгойлготол доторх нь хов хоосон байсан мөчөөс л сэтгэл нь хоосроод явчихсан юм байна. Ц.Туваанд тамга өгч алдаад, шинээр хийлгэж авч хаширсан С.Эрдэнэ тамганы хайрцаг, тамганы батламж, цаашлаад тамганы зураг, тамганы баримал, тамганы иш гардуулах олон хувилбар бэлтгэсэн байна. Д.Ганбатад тамга өгнө гэсэн жаазтай бичиг биш ядаж дурсгалын 1 литрийн полдойсон мөнгөн бидон дээр тамганы зураг зуруулаад ёстой гоё сувенир болох байх байсан гэж зарим нь үзэж байна. Спортоор бол Д.Ганбатад медаль биш медалийн оосор шагналаа.
С.Эрдэнээс хойш АН Ц.Туваан, бас нэг С.Эрдэнэ, М.Тулгат, О.Цогтгэрэл, Х.Баттулга, Лу.Гантөмөр, Д.Ганбат гэсэн 7 даргатай болоод байгаа юм. Ардын хувьсгалын 7, ардчиллын 7 лидер гэж байсан бол АН-ын 7 даргын үе ийнхүү тохиож байна.
АН-ын ҮБХ-ны 300 орчим гишүүн хуралдаж Лу.Гантөмөрийг даргаар сонгосны дараа С.Эрдэнэ өөрийн талынхныг цуглуулан, цахим сонгууль явуулж, Д.Ганбатыг өөрийн хойд дүрээр тодруулсан юм. С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдаад намын даргаас автоматаар огцорсон ч гараараа бол тамга зуурсаар хонож байна. Е.Тэмүүжин Хэнтийд нөж атган төрсөн бол С.Эрдэнэ хотод тамга тэврээд өтөлнө гэмээр юм болж байна. АН нэг даргатай болохыг үзэх нь Бразил шайбтай хоккейгоор, Монгол хөлбөмбөгөөр дэлхийн аваргад түрүүлэхийг харахаас хэцүү байж мэдэх юм.