Цаг үеийн мэдээ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг нар өнөөдөр /2023.02.09/ мэдээлэл хийлээ. 

А.Цэрэнбат: Өнөөдрийн мэдээллийн цагаар Хөгжлийн банк болон нүүрсний хулгайтай холбогдсон АН-ын гишүүдтэй холбоотой мэдэгдэл хийнэ. УИХ-аас Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан нэр бүхий УИХ-ын гишүүд оролцсон сонсгол явуулж байна. Тодорхой тооны эрх бүхий хүмүүс  хулгайг хааж, шүүхэд нөлөөлөх замаар  хөгжлийн банкийг тойрсон асуудал сүүлийн долоон жилийн хугацаанд явж ирсэн нь энэ сонсголоор ил боллоо. Сонсголын зохион байгуулж байгаад АН сайшааж байгаа боловч хэд хэдэн анхаарах зүйл байна. 

Нэгдүгээрт,  Хөгжлийн банк, төмөр замтай холбоотой болон бусад асуудалд яагаад зөвхөн АН-тай холбоотой  ерөнхий сайд, албан тушаалтнуудыг дуудаад байгаа юм бэ? Өмнөх ерөнхий сайд, тухайн үед алба хааж байсан хүмүүс хаана байна вэ? Яагаад зөвхөн АН-ын тухайн үед ЗГ-т байсан гишүүдийг алагчилж сонсголд дуудаад байгаа юм бэ? Энэ сонсгол УИХ-аас явуулж буй сонсгол болохоос МАН-ын хяналтын хорооны сонсгол биш. Бүгдийг нь дууд, бүгдийг нь ялгалгүй шалга. МАН-ын сүүлийн гурван ЗГ-ын ерөнхий сайдыг дууд. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, одоогийн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дуудахыг АН шаардаж байна.  АН-ын ч бай МАН-ын ч бай холбоотой бүх хүмүүсийг шалга. Гэмт хэрэгт холбоотой бол бүгдийг нь адил шүүхийн өмнө ялыг нь өг. Энэ байр суурин дээр Ардчилсан нам бат зогсоно. Хөгжлийн банк, Нүүрсний хулгайд холбогдсон гишүүдэд АН улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, үндсэн дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Хоёрдугаарт, Нүүрсний хулгай яагаад дарагдаад байна вэ? Бид улс төрийн биш иргэний эрхээ эдэлж хулгайчидтай тэмцэж байна. Нүүрсний хулгайтай холбоотой дуу хоолойгоо хүргэсэн залуусыг яагаад барьж хориод байна вэ? Залуусын эрх чөлөөг хааж боомилсон үйлдлийн эсрэг АН хүчтэй тэмцэх болно

Гуравдугаарт, Хөгжлийн банктай холбоотой нээлттэй сонсгол хийсэн бол 2017 оны ЖДҮ хулгайтай холбоотой нээлттэй сонсгол хийхийг АН шаардаж байна. Концесс хулгайлсан УИХ-ын гишүүдийг мөн нээлттэй сонсгол хийхийг шаардаж байна" гэлээ. 

Таны сурталчилгаа