Дэлхийн шилдэг цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани АНУ-ын зах зээлд борлуулагдсан 362,000 тээврийн хэрэгслээ эргүүлэн татахаар болжээ. Тус компанийн үйлдвэрлэсэн автомашинуудын өөрөө жолоодох удирдлагын програм хангамж замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зохих журмын дагуу мөрдөхөд алдаатай үйлдвэрлэгдсэн гэж үзсэн байна.
Өөрөө жолоодох удирдлага буюу жолоочид туслах програм хангамжийн алдаа нь осол аваар гаргахад хүрч болзошгүй гэж Tesla-ын зүгээс үзжээ. Тиймээс цахилгаан автомашинуудаа эргүүлэн татаж програм хангамжийг үнэ төлбөргүй шинэчлэн суулгах ажээ.
Tesla-ын өөрөө жолоодох горимтой холбоотой 18 удаагийн осол гэмтэл гарсан ч ослын улмаас хүн бэртэж гэмтсэн болон нас барсан тохиолдлын тухай компанийн зүгээс мэдэгдээгүй байна. Олон зуун мянган автомашинаа эргүүлэн татах тухай мэдээлэл гарсны дараа Tesla-ын хувьцааны ханш 1.6 хувиар буурчээ.
Эргүүлэн татаж програм хангамжийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн загваруудад FSD Beta програмтай 2016-2023 оны хооронд үйлдвэрлэсэн Model S, Model X, 2017-2023 онд үйлдвэрлэсэн Model 3, 2020-2023 онд үйлдвэрлэсэн Model Y загварууд багтсан байна.
Эх сурвалж: The Guardian