Цаг үеийн мэдээ

Америкийн кино урлагийн салбарын томоохон төлөөлөгч байсан Харви Вайнштейн 1970-аад оноос хойш  80 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт болон хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр 23 жилийн ял сонсож, ялаа эдэлж байгаа юм. 

Түүнд 2013 оны хоёрдугаар сард кино наадмын үеэр жүжигчин бүсгүйг зочид буудлын өрөөнд хүчирхийлсэн хэргээр дахин 16 жилийн хорих ял нэмж оноожээ. Лос Анжелест болсон шүүх хурлын үеэр 70 настай Вайнштейн шүүгчдээс өршөөл хүссэн байна. Ингэхдээ “намайг битгий бүх насаар нь шоронд суулгаач, би тийм зүйл хүртэх ёсгүй” хэмээн хэлжээ. 

Лос Анжелесын шүүхэд Харви Вайнштейнд холбоотой нэмэлт хэргийн шүүх хурал өнгөрсөн 12 дугаар сарын 19-ний өдөр эхэлсэн юм. Тэрээр шүүх танхимд уг хэргийг огт үйлдээгүй ба хохирогч эмэгтэйг танихгүй хэмээн мэдүүлжээ. 

Гэвч хэргийн хохирогч Жэйн Доу 1 /хохирогчийг хамгаалах үүднээс ийн хуурамчаар нэрлэжээ/ Вайнштейнд хүчирхийлүүлэхээс өмнө аз жаргалтай, өөртөө итгэлтэй эмэгтэй байсан боловч тэр явдлаас хойш бүх зүйл өөрчлөгдөж удаан хугацааны турш сэтгэлзүйн хүнд дарамттай байсан гэжээ. 

Харви Вайнштейны бэлгийн хүчирхийллийн хэрэг нийтэд ил болсноос хойш дэлхий даяар #metoo буюу бэлгийн хүчирхийллийн эсрэг хаштаг аян өрнөсөн юм.

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа