Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей ээлжит бус чуулганаар Оросыг байлдааны ажиллагааг зогсоож, Украины нутаг дэвсгэрээс цэргээ татахыг уриалсан тогтоол баталсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш пүрэв гарагийн өглөө ОХУ-ын Украинд хийсэн түрэмгийллийг буруушааж, дэлхийн хамтын ухамсрыг гутаасан хэрэг гэж мэдэгджээ.

Уг тогтоолыг 141 улс дэмжиж, долоо нь эсрэг санал өгч, 32 улс түдгэлзсэн байна. Орос, Беларусь, Хойд Солонгос, Сири, Никарагуа, Мали, Эритрей зэрэг улсууд эсрэг санал өгсөн байна.  Мөн 32 улс түдгэлзсэн байна. Тэдний дунд Монгол, Армен, Казахстан, Тажикстан, Хятад, Иран, Энэтхэг улсууд багтжээ.

Уг тогтоолд НҮБ нь:

-Украинд иж бүрэн, шударга, бат бөх энх тайван тогтоохын үндэс болсон НҮБ-ын дүрмийн зарчмуудыг дагаж мөрдөхийг уриалж байна;

-Украины олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаар, тэр дундаа усан хил,  бүрэн эрх, тусгаар тогтнол, нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах амлалтаа дахин нотолж байна;

-Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд Украины нутаг дэвсгэрээс бүх зэвсэгт хүчнээ нэн даруй, бүрмөсөн, болзолгүйгээр гаргахыг ОХУ-аас шаардаж байгаагаа дахин илэрхийлж байна;

-Дайнд олзлогдогсодтой харьцах, энгийн иргэдийг хамгаалах зэрэгт олон улсын хуулийг дагаж мөрдөхийг бүх талуудад уриалж байна;

-Энгийн хүн амын оршин тогтноход зайлшгүй шаардлагатай объектыг довтлох, устгах, хөдөлгөх, ашиглах боломжгүй болгохгүй байх шаардлагатайг тэмдэглэж байна;

-Мөн Украины чухал дэд бүтцэд халдахыг нэн даруй зогсоохыг уриалж, орон сууц, сургууль, эмнэлэг зэрэг иргэний объектуудад санаатайгаар халдахгүй байхыг уриалж байна;

-Түүнчлэн НҮБ Украины нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргийн захиалагчдыг үндэсний болон олон улсын түвшинд зохих, шударга, хараат бус мөрдөн байцаах, яллах замаар шүүхэд өгөх шаардлагатай гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа