Цаг үеийн мэдээ

Итали улсын Калабриа мужийн Кротон тосгоны эргийн ойролцоо цагаачдын завь эвдэрч олон арван хүн живж сураггүй алга болсон байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар багадаа 60 орчим хүн далайд живж амиа алдсаны дунд 12 хүүхэд байгаа ажээ. Мөн олон арван цагаач иргэн далайн усанд живж алга болсон гэж үзэж байна.

Эвдэрсэн завин дээрээс амьд үлдсэн цагаачид багадаа 150 хүн хамт явсан гэж хэлжээ. Эргийн хамгаалалтын алба 80 орчим хүнийг аварсан байна. Италийн Дотоод хэргийн сайд Маттео Пиантедоси ослын газарт очсон ба 30 орчим хүн сураггүй байгааг мэдэгджээ. 

Гэвч аврагчид завин дээр 200 гаруй хүн байсан гэж үзсэн байна. Тиймээс Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээс хоёр дахин их буюу 60 гаруй хүн сураггүй болсон гэж тооцжээ. 

Цагаачдын завь хэд хоногийн өмнө Туркээс Италийн эрэг рүү хөдөлсөн байна. Завин дээр Афганистан, Пакистан, Сомали болон Иран улсуудаас ирсэн цагаачид байжээ. Цагаачдын завийг эрэгт дөхөж ирэх үед цаг агаарын байдал муудаж хад мөргөсний улмаас эвдэрсэн байна. Италийн эргийн хамгаалалтын алба осол гарсны дараа далайд болон хуурай газарт өргөн хэмжээний эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлжээ. 

Хууль бус цагаачдыг хил давуулах ажлыг зохион байгуулсан гэж үзэн нэг хүнийг баривчлан саатуулсан байна. Өлсгөлөн, ядуурлаас зугтаж сайхан амьдрал хайсан олон мянган цагаач жил бүр Италийн хилийг хууль бусаар давдаг ч энэ мэт ослоор амь үрэгдэх нь элбэг. Цагаачдын урсгалыг хянадаг байгууллагуудын мэдээлснээр 2014 оноос хойш Газар дундын тэнгист 20,000 гаруй хүн живж сураггүй болжээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа