Цаг үеийн мэдээ

Унгарын Wizz Air нислэгийн компани Украинтай хил залгаа оршдог Европын хамгийн ядуу буурай улс орнуудын нэг Молдавын нийслэл Кишинёв хотын нислэгээ зогсоохоо мэдэгджээ. Тус нислэгийн компани агаарын орон зайн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс гуравдугаар сарын 14-ний өдрөөс Кишинёв чиглэлийн нислэгээ зогсоох аж.

Уг мэдэгдлийн дараа Молдавын иргэний агаарын тээврийн эрх баригчид гэнэтийн бөгөөд харамсалтай шийдвэр гаргасан гэж үзэж буйгаа мэдэгджээ. Молдав улс нь Украины дайнд хамгийн гарз хохирол амсаж буй улс орнуудын нэг юм. 

Wizz Air мэдэгдэлдээ “зорчигчид болон нислэгийн багийн гишүүдийн аюулгүй байдал компанийн нэн тэргүүний зорилго юм. Молдав улсад ойрын үед болсон үйл явдал тус улсын агаарын орон зайд эрсдэл дагуулж байна. Тиймээс хэцүү ч хариуцлагатай шийдвэр гаргалаа” хэмээн дурджээ. 

Молдавын иргэний агаарын тээврийн газар уг шийдвэрийг буцаахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна. Мөн бусад бага өртөгтэй нислэгийн компаниудтай хамтран ажиллах хүсэлт гаргана гэжээ. 

Энэ сарын эхэнд Оросын пуужин Молдавын агаарын орон зайд нэвтэрсэн байна. Мөн өнгөрсөн жил Европын Холбооны гишүүн орох болох хүсэлтээ албан ёсоор гаргасны дараа Украин Румыны дунд хавчуулагдсан Молдавын Засгийн газар болон Москвагийн хооронд зөрчил улам бүр нэмэгдээд байгаа юм. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа