Tesla компанийг үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж байсан ч өнгөрсөн жилийн 12 дугаар сард Францын тансаг зэрэглэлийн LVMH брэндийн гүйцэтгэх захирал Бернард Арно түүнийг ардаа орхин, дэлхийн хамгийн чинээлэг хүнээр нэрлэгдээд байсан юм.
Тэгвэл хоёр сар гаруйн турш тэрбумтнуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн Илон Маскийг Tesla-ийн хувьцаа дахин нэгдүгээр байрт оруулсан байна. Өөрөөр хэлбэл Tesla-ын хувьцааны ханш хөрөнгийн бирж дээр өссөнөөр Маскийн хөрөнгийн хэмжээ даваа гарагийн байдлаар 187.1 тэрбум ам.долларт хүрчээ.
Bloomberg-ийн мэдээлснээр даваа гарагт Арногийн хөрөнгийн хэмжээ 185.3 тэрбум ам.доллараар тоологдож жагсаалтын хоёрдугаарт шилжээд байна.
Илон Маск Твиттер компанийг худалдаж авсан зэрэг асуудлууд Tesla компанийн хувьцааны ханшийг өнгөрсөн жилийн хугацаанд огцом буулгасан гэж шинжээчид дүгнээд байгаа юм. Тэрээр дэлхийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг дахин тэргүүлж эхэлсэн ч бүх цаг үеийн түүхэнд хамгийн их хөрөнгөө хамгийн богино хугацаанд алдсан эрхэм хэвээр билээ.
Маск 2021 оны 11 дүгээр сард 340 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан ч өнгөрсөн жилийн 12 дугаар сар гэхэд 200 тэрбум ам.долларын хөрөнгөө алдаж 137 тэрбум ам.долларын хөрөнгө бүртгэгдэж байжээ.
Эх сурвалж: CNN