"Эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “чип” багцыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 42 өрхөд хүлээлгэн өгөв.
Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монгол Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд дээрх багцыг Хүүхдийн сангийн 100 хувийн санхүүжилтээр олгож, “Чип” гэр мэдээллийн төвийг байгуулав. Эхний ээлжинд төрийн албан хаагч нар 2 ба түүнээс дээш хүүхэдтэй айл, харгалзах хүнгүй үлддэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй зэрэг өрхүүд багтжээ. Тогны ашиглалтын зардал сард дунджаар 70-80 мянган төгрөг гардаг. Энэхүү зардлыг даах боломжтой өрхүүдэд олгосон байна. “Чип” багц нь халаалтын багц, дулаалгын багц, агаар сэлгэлтийн багцаас бүрдэх ба цахилгаанд залгаад маш хурдан халж, гэрийн доторх агаарын хэмийг тохируулах боломжтой ажээ.
Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “чип” багцыг хүлээлгэн өгөх, гэр мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Баруун-Ут сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс нар болон холбогдох хүмүүс оролцлоо. Сонирхож байгаа иргэдийн хувьд “чип” багцын талаар мэдээллийг Баруун-Урт сумын ЗДТГ “Мэдээллийн төв”- өөс авч захиалгаа өгөх боломжтой.