Цаг үеийн мэдээ

УОК-ын ээлжит хуралдаан /2025.01.06/ боллоо. Хуралдаанаар зарим улс оронд тархаад байгаа HMVP вирусийн талаарх мэдээлэл болон Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “HMVP вирус нь ханиалгах, найтаах үед үүссэн дусал эсвэл аэрозолоор дамждаг боловч халдвартай хүнтэй ойр дотно харьцах, вирусийн бохирдсон орчинтой харьцах замаар халдвар дамжих боломжтой. Хүүхэд, дархлаа сул, өндөр настай хүмүүс мэдрэмтгий байдаг ба амьсгалын замын бусад вирусийн халдвартай хавсарч болно.  Энэхүү амьсгалын замын цочмог халдварт өвчин нь  0-4 насны хүүхдийн дунд амьсгалын замын синцитиал вирусийн эерэг хувь, 14 ба түүнээс доош насны хүүхдийн дунд ​​метапневмовирусийн /HMVP/ эерэг хувь өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ өсөлт нь БНХАУ-ын хойд мужуудад илүү ажиглагдаж байна. Харин манай улсад энэ төрлийн вирусийн халдвар бүртгэгдээгүй, тандалт судалгаа, шинжилгээг тогтмол хийж байна.  Томуу, томуу төст өвчин бүх насныханд илэрч байгаа боловч 0-4 насанд хамгийн их буюу 57 хувьд тохиолдож байна. Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн өвлийн улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй багассан. Гэсэн ч хичээл сургууль эхлэх үеэр томуугийн өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай. Тиймээс энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа авч хэрэгжүүлж байгаа. Мөн хүн амд амны хаалт зүүх, гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх, биеийн дархлааг сайжруулах, агааржуулалт хийх, томуугийн вакцинд хамрагдах талаар зөвлөмж, зөвлөгөөг тасралтгүй өгч ажиллаж байна ” гэсэн мэдээллийг өглөө.  

Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг БОУАӨЯ-ны сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа өглөө. Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын хүрээнд Сайжруулсан түлшний чанар стандартыг сайжруулж, хэрэглээг багасгаж, урт хугацаанд хязгаарлах халаалтын технологийг нэвтрүүлэх, “Агаарын бохирдлын төлбөрийн журам”-ын боловсруулж батлуулах, Агаарын чанар:Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартыг шинэчлэх, “Дотоод орчны агаарын стандарт”-ыг агаарын чанарын стандартаас салгаж  шинээр боловсруулж батлуулах, Асфальт, бетон зуурмаг, хайрга дайрганы үйлдвэр, хуванцар, яс боловсруулах үйлдвэр гэх мэт хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг агаар бохирдуулах бусад эх үүсвэрүүдэд экологийн нэгдсэн стандарт тогтоох зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж дараах үүрэг чиглэлийг өглөө. 

Зарим орнуудад тархаад буй хүний метапневмовирусийн /HMVP/  халдвараас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулах, урьдчилан сэргийлэх  мэдээллийг  олон нийтэд тогтмол хүргэх

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилсан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулж эмнэлгийн тоног төхөөрөмж нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх, энэ чиглэлээр эрсдэлийн үнэлгээг хийх

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн зөвлөмж зөвлөгөөг олон нийтэд тасралтгүй түгээх

Урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатандаа тасралтгүй авч хэрэгжүүлж Эм тарианы нөөц, хүртээмжид онцгой анхаарах

Эрүүл мэндийн салбарын бүх шатны бэлэн байдлыг хангах, эрсдэлт бүлгийн хүн амын судалгаа хийх, хяналтыг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хүний нөөцийн бэлэн байдлыг бүрдүүлэх

Аймаг, орон нутгийн удирдлагууд отор нүүдэл хийж байгаа иргэдийн эрүүл мэндэд анхаарах

Сайжруулсан шахмал түлшний стандартын шаардлагыг шинэчлэх, олон улсын стандартад нийцүүлэх

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг өөрчлөх

Өнгөрсөн жилүүдийн шахмал түлшний дээжээс түүвэр хэлбэрээр дахин шинжилгээ авах

Гаднын улс орон руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч мэдээлэхийг үүрэг болголоо. 

БОУАӨЯ-ны Салбарын хяналт, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран “Тавантолгой” түлш ХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшинд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар өнгөрсөн онуудтай харьцуулахад мидлинг болон барьцалдуулагчийн чанар муудсан гэх дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор маргааш /2025.01.07/ Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн хамт  "Тавантолгой" түлш ХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллах юм.

Таны сурталчилгаа