Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар өнөөдөр ЗТЯ-ны харьяа байгууллагуудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлэлт дүгнэлтийг танилцууллаа.
Байгууллага тус бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд өгсөн хэрэгжилтийн үнэлгээтэй танилцана уу? Тухайлбал:
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ:
Авто тээврээр Улс, хот хооронд 2024 онд 2.4 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд жилийн эцсийн байдлаар 1,9 сая зорчигч тээвэрлэж 79.2 хувийн хэрэгжилттэй байна.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг авто тээврээр тээвэрлүүлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, 9 боомтын 47 уурхайгаас 82,8 сая.тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ:
Тус газрын үйл ажиллагаанаас үл хамаарах шалтгаанаар хэрэгжээгүй 1 арга хэмжээ (Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.20 дугаартай арга хэмжээ) байна. Энэ нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн гэр хороолол дунд баригдах авто замын ажил байсан бөгөөд нийслэлээс тус авто замын трасст орсон хашаа байшинг чөлөөлөх ажил хийгдэх боломжгүй болсон, гүйцэтгэгч байгууллага гэрээгээ цуцлуулах хүсэлтийг захиалагчид хүргүүлж, гэрээг нь дуусгавар болгохоор Зам, тээврийн яамнаас шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэрэгжих боломжгүй болсон байна.
Тус газар нь 2023 онд 7,577 сая төгрөгийн орлого олж, 7,482 сая төгрөгийн зардал гаргаж, 228,244.0 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 8,837.7 сая төгрөгийн орлого олж, 8,646.7 сая төгрөгийн зардал гаргаж 191.0 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
“Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК:
Тус компани нь 2024 онд олон улсын нислэгт зориулан 2 дахь BOEING 787-9 DREAMLAINER агаарын хөлөг, орон нутгийн нислэгт зориулан BOMBARDIER CRJ-700 загварын “Мазаалай” нэрт агаарын хөлгөө хүлээн авч хүлээгдэж буй гүйцэтгэлээр 4218 удаагийн нислэг үйлдэж, 1,155,100 зорчигч, 14,840 тонн ачаа тээвэрлэсэн байна.
2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 942 тэрбум төгрөгийн орлого олж, 916 тэрбум төгрөгийн зардал гарган, 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
“Иргэний нисэхийн ерөнхий газар”:
Тус газар нь 2024 онд ИБУИНХУ, Узбекистан Улс, Испани, Латви, Унгар, Туркменистан улсуудтай Агаарын харилцааны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулснаар Монгол Улс дэлхийн 46 улстай 47 агаарын харилцааны хэлэлцээртэй болж, 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдээд байна.
Мөн энэ онд навигацийн орлогын төлөвлөгөөг 100 хувь биелүүлж, 80,0 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн.
“Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал” ХХК:
Тус буудал нь 2024 онд олон улсын ирэгчийн ашигтай зай талбайг 34 м2, олон улсын ирэх, явах зорчигч, угтагчид зориулан терминалын ашигтай талбайг нийт 292 м2, олон улсын бүртгэлийн цэгийг 14-өөр нэмэгдүүлж, нисэх буудлын хүлээн авах нэвтрүүлэх чадвар сайжирснаар олон улсын 1,761,063 зорчигч, орон нутгийн 423,679 зорчигч, нийт 2,184,742 зорчигчийг саадгүй хүлээн авч ажиллажээ.
Тус буудлын 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр үйл ажиллагааны орлого 155.4 тэрбум төгрөг болж өнгөрсөн оноос 25 хувиар өссөн, Монгол Улсын төсөвт төлөх концессын төлбөр 21.9 тэрбум төгрөг, бусад татвар, хураамжийн төлбөр 35.5 тэрбум төгрөгт хүрч, эдийн засгийн үр ашиг нэмэгдсэн, хөрөнгө оруулалтын өгөөж өссөн үр дүнтэй байна.
“Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба”:
Осол, зөрчлийг шинжлэн шалгах ажил удаашралтай байгаад анхаарч ажлын зохион байгуулалтыг сайжруулах, сул орон тоог яаралтай нөхөх, ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах зөвлөмж өгсөнийг хэрэгжүүлсний үр дүнд 2024 онд нийт 6 осол, ноцтой зөрчил дээр шинжлэн шалгах ажиллагаа явуулж, 2 эцсийн тайлан, 4 урьдчилсан тайлан гаргаж ажилласан байна
“Улаанбаатар төмөр зам” ХНН:
Тус байгууллага нь 2024 онд 33,2 сая.тн ачаа тээвэрлэсэн нь 2023 оны жилийн эцсийн ачаа тээврээс 2.9 сая.тн ачаагаар илүү тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.
Харин 2023 онд 2,141,800 зорчигч тээвэрлэж 89.2 хувь, 2024 онд нийт 1,990,000 зорчигч тээвэрлэж 79.6 хувийн хэрэгжилттэй ажиллажээ.
Замын-Үүд-Эрээн хилийн төмөр замын боомтоор хоногт дунджаар өргөн царигийн төмөр замаар 16 галт тэрэг хүлээлгэн өгч, нарийн царигийн төмөр замаар хоногт дунджаар 8 галт тэрэг хүлээн авахаар төлөвлөснөөс:
Хүлээн авсан:
Өргөн царигаар хоногт дунджаар 15.46 галт тэрэг
Нарийн царигаар хоногт дунджаар 7.23 галт тэрэг
Хүлээлгэн өгсөн:
Өргөн царигаар хоногт дунджаар 15.44 галт тэрэг
Нарийн царигаар хоногт дунджаар 7.27 галт тэрэг хүлээлгэн өгснөөр өргөн царигийн галт тэрэг солилцоо 96.6 хувь, нарийн царигийн галт тэрэг солилцоо 90.6 хувьд хүрч ажилласан байна.
“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ:
Галт тэрэгний 2024 оны зуны, 2024-2025 оны өвлийн хөдөлгөөний нэгдсэн зурмагийг баталж, нэгдсэн зурмагийн гүйцэтгэл болон зурмагийн тасалдалд сар бүр дүн шинжилгээ хийж тухай яаманд танилцуулсан. Нэгдсэн зурмагийн гүйцэтгэл 2023 онд 72.8 хувь, тээвэрлэлтийн төлөвлөгөө 92.0 хувь, 2024 оны эхний 12 сарын гүйцэтгэл 81.0 хувь, тээвэрлэлтийн төлөвлөгөө 97.4 хувийн биелэлттэй байна.
Төмөр замын тээврийн сүйрэл, осол, гологдлын тоог бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж гарсан осол, гологдлын тайлан мэдээг яаманд танилцуулан ажилласан байна.
“Монголын төмөр зам” ТӨХК:
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам төслийн бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.
Тус компани нь Цогтцэций – Зүүнбаян, Цогтцэций – Зүүнбаян, Төмөртэй – Хандгайт чиглэлийн төмөр замаар 3.007.408,9 тонн ачаа тээвэрлэсэн байна.
Тус компани нь 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 30.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, орлого нэмэгдэж, зардлыг хэмнэн ажилласан.
“Далайн захиргаа”
Тус байгууллага нь 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 268,231.28 MTS буюу 295,647.61 тонн ачаа 2024 онд нийт 3,320,420.54 MTS буюу 3,660,140.11 тонн ачааг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцоор тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 3,364,492.5 тонн ачааг илүү тээвэрлэсэн байна.