“Нүннэй сахих” буюу “Чилэн суухуй” зан үйлийн хурал нь Номт гурван орны нэг Монгол нутагт Бурханы шашин дэлгэрсэн цагаас эхлэн үе, үеийн хаад ноёд мөнхлөн хуруулж байсан хурлын нэг нь Их нигүүлсэгч Жанрайсиг бурхны “Нүннэй” буюу “Чилэн суухуй” хэмээх зан үйл юм.
Энэхүү зан үйлийн ач тус нь гурван муу заяанд унах /там, бирд, адгуус/ шалтгаан болсон хилэнц нүглийг түргэнээ арилгах, муу заяаны зовлонгоос гэтэлгэх, нүгэл хилэнц, алдаа унал бүгдийг наманчилж ариусган арван цагаан буянаа дэлгэрүүлэх зан үйл юм. Тиймдээ ч “Нүглээ арилгая гэвэл Нүннэй сахь” гэсэн яриа дэлгэрчээ.
Нүннэй хуралд хурсан, хурал хуруулсан мөн даган баяссан бүхний тус эрдэм цаглашгүй их юм. Нүннай их сахиснаар нүгэл хилэнц үтэр түргэн арилж буяныг ихээр хураадаг.
Энэ зан үйл нь бурхны шашны аг тарнийн номтой холбоотой.
Номын эхэнд “Жорвын чойдог” буюу “Бэлтгэл зургаан ном”-ын дагуу зан үйлүүдийг бэлдээд “Нүннай” хурлаа сахиж хурдаг.
“Жигдэн гомбо” буюу “Жанрайсиг бурхны магтаал” хэмээх мөргөлийн ном байдаг. “Жигдэн гомбо” номоо уншаад, биеэр мөргөж, сэтгэлдээ сүжгийг үүсгээд “Зөвхөн би гэлтгүйгээр тойрон хүрээлсэн хамаг амьтад бүгдээр тэргүүлшгүй цагаас энэ цаг мөчийг хүртэл хураасан нүгэл хилэнц бүхнээ сэтгэлийн гүнээс арилгаж байна” хэмээн бодож мөргөдөг.
Үнэн зүрхнээс өөрийн сэтгэлийг одуулан үйлдвээс авралтай төдийгүй “Нүннэй” олон сахиснаар муу заяанаас гарцаагүй гэтэлгэнэ хэмээдэг билээ.
Хурал 2025 оны нэгдүгээр сарын 11-14-ний өдөр хүртэл Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацанд болно.