Цаг үеийн мэдээ

Гүрж улсын нийслэл Тбилиси хотод иргэдийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Жагсаалын хоёр дахь шөнө цагдаа нар нулимс асгаруулагч, даралтат усаар жагсагчдын эсрэг шүршжээ.

Иргэд Гүржийн Засгийн газрын шинээр хэлэлцэж буй Орос хэв маягтай хуулийн төслийг эсэргүүцэн жагсаалд нэгдсэн байна. Уг хуулиар төрийн бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төсөв, хөрөнгө оруулалтынхаа 20-оос хувийг хилийн чанадаас бүрдүүлбэл гаднын агент гэж үзэхээр заажээ. 

Лхагва гарагийн орой жагсагчид Тбилиси дэх Парламентын ордны гадаа цуглаж төмөр хаалтыг эвдсэн байна. Хаалтыг буулгасан жагсагчдыг тараахын тулд цагдаа нар хүч хэрэглэсэн гэж эх сурвалж мэдээлжээ. 

Шинэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мягмар гарагт Парламентын танхимд хууль тогтоогчид дэмжсэний дараа мянга мянган иргэн гудамжинд жагсаж эхэлсэн байна. Уг хуулийн төслийг ОХУ-д хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, иргэний нийгмийг шахан дарамтлахад ашигладаг хуулийн төсөлтэй ижил байгаад Гүржийн иргэд болоод олон улсын зүгээс эрс шүүмжилж байгаа юм. 

Иргэдийн зүгээс Гүржийн Засгийн газар Оросын нөлөөнд байсаар байгаа нь бидний ирээдүйг улам бүрхэг харанхуй болгож байна хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Нөгөө талаар уг хууль батлагдвал тус улсын Европын холбоонд нэгдэх итгэл найдвар унтрах болно гэж үзэж байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа