Япон улсын цагдаагийн газар “сүши террор” нэртэйгээр цахим сүлжээнд өргөн тархсан пранк бичлэгүүдтэй холбоотой гурван хүнийг баривчлан саатуулжээ. Уг бичлэг нь дэлхийд алдартай урсдаг тавцантай сүши зоогийн газруудад хохирол дагуулж болзошгүй гэж үзсэн байна.
Өнгөрсөн сард урсдаг тавцантай сүши зоогийн газраар үйлчлүүлж буй эрэгтэй буурцгийн соусны тавгийг долоогоод буцаагаад тавьж буй бичлэг цахим сүлжээнд тархжээ. Кура сүши зоогийн газарт үйлчлүүлж буй эрэгтэй сүшинуудыг бяцалж эвдэж байгааг ч харуулсан байна.
Уг бичлэг тархсанаас хойш ийм пранк бичлэгүүд хэдэн арваараа хийгдэж олон нийтийн сүлжээнд тархаж эхэлжээ. Гэвч бичлэгт орж буй хүмүүсийн дунд болон өсвөр бага насны хүүхэд олон байснаас гадна иргэдийн захиалга замаасаа алдагдаж байгаа нь түгшүүр төрүүлэх болсон байна. Энэ мэтчилэнгээр бусдын захиалсан васаби, хэрэглэгчийн савхыг долоох зэргээр зүй бус үйлдлийг харуулсан бичлэг олширчээ.
Иргэдээс гадна алдартай сүши зоогийн газрууд эдгээр бичлэгт ундууцах болсон байна. Гаднын хүмүүс япончуудыг сүши иддэг соёлоор нь илүү таньдаг тул энэ мэт үндэсний зоогоо үл хүндэлсэн үйлдлийг трэнд болгох нь тун ичгэвтэр явдал гэж нэгэн эмэгтэй ярьжээ. Цаашлаад урсдаг сүши зоогийн газруудаар үйлчлүүлэгчдийн тоо буурснаар улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болохыг анхааруулсан байна.
Эх сурвалж: ВВС