Цаг үеийн мэдээ

Хүний эрхийн "Freedom House" байгууллага "Дэлхийн эрх чөлөө-2023" шинэ тайлангаа пүрэв гарагт танилцууллаа. Тайлангаас үзвэл, дэлхийн дахинд хүний эрх, эрх чөлөөний түвшин 17 дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлттэй гарсан байна. 

 

"Украины эсрэг ОХУ-ын цэргийн түрэмгийлэл тус улсад хүний эрхийн олон зөрчил гарахад хүргэсэн хэдий ч өнгөрсөн онд гагц Зөвлөлтийн дараах орнуудад бус өөр орнуудад ч иргэний эрх чөлөөний түвшин буурч байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, төрийн эргэлт хийх, хууль ёсны дагуу сонгогдсон засгийн газрыг огцруулах оролдлого өнгөрсөн нэг жилийн хугацаанд Буркина-Фасо, Тунис, Перу, Бразил зэрэг улсуудыг тогтворгүй болгов" гэж тайланд дурджээ.  

 

Тайланг гаргагчдын онцолсноор, улс төрийн болоод иргэний эрх чөлөөний үзүүлэлт нь сайжирсан болон дордсон  улс орнуудын тоо хоорондын зөрүү сүүлийн 17 жилийн хугацаанд байгаагүйгээр ойртсон байна. Тодруулбал, Никарагуа, Тунис зэрэг 35 оронд эрх чөлөөний түвшин буурч, Кени, Косово зэрэг 34 оронд сайжирчээ. 2022 онд 195 орноос 84 улс эрх чөлөөт орон гэдэг тодорхойлолтод багтсан байна. 

 

Энэ жил 50 дахь удаагаа гарч байгаа уг тайланд засгийн газарт хариуцлага тооцоход ашиглаж болох иргэний эрх чөлөөнд, юуны түрүүнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах явдал хамгийн ноцтой асуудал болж байгааг онцолжээ.

 

Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 4 оноос авахаас 0 үнэлгээ авсан улс орон, нутаг дэвсгэрүүдийн тоо 2005 онд 14 байсан бол өнгөрсөн онд 33 болж нэмэгджээ. 2022 онд наад зах нь 157 улс орон, нутаг дэвсгэрт хэвлэлийн эрх чөлөөг хавчин боогдуулсан байна.

Таны сурталчилгаа