АНУ-ын Техас мужид гурван настай охин дөрвөн настай эгч рүүгээ санамсаргүйгээр гал нээж амь насыг нь хохироосон эмгэнэлт хэрэг гарчээ. Харрис хотын шериф Эд Гонзалезын мэдэгдсэнээр бага насны эгч дүүс таван насанд хүрэгчийн хамт амьдардаг байсан бөгөөд уг хэрэг гэр бүлийн гишүүдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэсэн байна.
Хэрэг гарах үед хүүхдүүд унтлагын өрөөнд байжээ. Эцэг эх нь тэднийг нэгэндээ найдан үлдээсэн байна. Гурван настай охин энэ үед цэнэгтэй байсан хагас автомат гар бууг авчээ. Удалгүй буун дуу гарч, томчуудыг өрөөнд орж ирэхэд дөрвөн настай охин ухаангүй шалан дээр хэвтсэн байжээ.
Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ч эцэг эхчүүд галт зэвсгээ хүүхдээс хол аюулгүй газарт хадгалалгүй, хариуцлагагүй хандсан үйлдэл гэж үзэж байна. Саяхан Виржиниа мужид зургаан настай хүүхэд хичээл дээрээ багшийгаа буудсан явдал гарсан юм.
АНУ-д 2015-2020 оны хооронд 18-аас доош насны хүүхэд санамсаргүй байдлаар гал нээж, бусдыг буудсан 2,070 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг хэргүүдийн 765 нь амиа алдсан бол үлдсэн 1,366 тохиолдол нь бэртэл авчээ.
Эх сурвалж: CNN