Цаг үеийн мэдээ

Гэр бүлээрээ Вьетнамаас дүрвэсэн Ке Хюй Куан хүүхэд байхдаа Холливудыг байлдан дагуулж байсан ч олон жил кино дэлгэцээс алга болсны дараа мөрөөдөлдөө эргэн орж дахин жүжигчин болжээ. Ке Хюй Куан хүүхэд байхдаа 1980-аад оны алдартай "The Goonies", "Indiana Jones and The Temple of the Doom" кинонд тоглож байжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр Куан нулимс дуслуулан "Ийм түүх зөвхөн кинонд л гардаг гэлцдэг. Ийм зүйл надад тохиолдож байгаад итгэж чадахгүй байна. Энэ бол Америкийн мөрөөдөл" хэмээн хэлжээ.

Тэрээр долоон настай хүүхэд байхдаа 1978 онд гэр бүлийнхээ хамт Вьетнамаас дүрвэжээ. Тэрээр аав, 4 ах дүүсийн хамт Хонконг руу, түүний ээж 3 ах, эгч дүүсийнх нь хамт Малайзад амьдрахаар болжээ. 1979 онд АНУ-д цагаачилснаар тэдний гэр бүл дахин нэгдэж, 1984 онд Куан Индиана Жонс киноны Шортигийн дүрд шалгарчээ. Кино пробод дүүгээ оруулахаар очсон боловч түүнийг найруулагч олж анзаарснаар тэр дүр авч 3 долоо хоногийн дараа Шри Ланк руу зураг авалтад явжээ. Дараа жил нь тэрээр "The Goonies" кинонд Data-н дүрд тоглосон байна. Гэсэн хэдий ч нас ахих тусам дүрүүдийн санал багасаж, улмаар Куан каскадер зохицуулагч, туслах найруулагчаар ажиллах болжээ. Куан "Хамтдаа зогсож байна", "Ангийн ерөнхийлөгч" зэрэг телевизийн ситкомуудад тоглосон ч 90-ээд оноос санал цөөрч санал болгосон дүрүүд нь жижиг, хэвшмэл дүрүүд байв.

"Жүжигчин хүүхдээс насанд хүрсэн жүжигчин болох нь үргэлж хэцүү байдаг", "Чи ази хүн бол мөн зуу дахин хэцүү байдаг" гэж Куан Telegraph сонинд ярьжээ. 

2018 онд гарсан "Галзуу баян Азиуд" киноноос урам зориг авсан Куан 50 насандаа дахин азаа сорьж, тайзнаа эргэн ирэхээр шийджээ. Агент найз нь түүнийг төлөөлөхийг зөвшөөрсөн бөгөөд хоёр долоо хоногийн дараа Куан "Everythings Evereywhere All at Once" киноны бүтээгчдээс дуудлага хүлээн авчээ. Энэ кино нь түүний жүжигчний хоёр дахь эргэн ирэлт болж, Академийн шагнал хүртсэн юм.

"Миний ээж 84 настай, тэр [энэ ёслолыг] гэрээсээ үзэж байгаа. Ээж ээ, би сая Оскар авлаа!" - гэж тэр тайзнаас хэлээд алтан баримлаа үнсжээ. "Миний аялал завиар эхэлсэн. Би дүрвэгсдийн хуаранд нэг жил байсан, одоо гэтэл Холливудын хамгийн том тайзан дээр гарсан" гэж хэлжээ.

Куан "Everythings Evereywhere All at Once" киноны зохиолыг хүлээн авахдаа уг кино түүнийг шууд Оскарт хүргэнэ гэж төсөөлөөгүй байх. Цаасан дээр кино тийм ч сэтгэл татам харагддаггүй. Энэ бол цагаачдын гэр бүлийн инди драм, галзуу шинжлэх ухааны уран зөгнөлт адал явдал, супер баатруудыг тухай шинэлэг холимог кино юм. Куан угаалгын газрын менежерийн жирийн нэгэн нөхөр Уэймонд Вангын дүр ба Уэймондын хэд хэдэн өөр ертөнцийн хувилбарын дүрд тоглодог.

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Куан Индиана Жонс киноны хамтрагч Харрисон Фордтой дахин уулзсан бөгөөд тэрээр шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг түүнээс гардаж авсан юм.

Куан хэлсэн үгэндээ ээждээ "өөрийнх нь төлөө хийсэн бүхэнд" талархаж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрээр эхнэртээ хандан "Хорин жилийн турш чиний цаг ирнэ гэж үргэлж хэлж байсан миний амьдралын хайр " хэмээн хэлжээ. Тэрээр нэмж хэлэхдээ: "Мөрөөдөлдөө итгэх хэрэгтэй. Би өөрийнхөө мөрөөдөлдөө итгэхээ бараг больсон байсан. Мөрөөдөхөө бүү зогсоогоорой гэж  та бүхэнд хандан уриалж байна" хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа