Гуравдугаар сарын 9-нд тус банкнаас үнэт цаасны гүйлгээ амжилтгүй болсон тухай зарлаж, маргааш нь дампуурлаа зарлажээ. Хадгаламж эзэмшигчид мөнгөө эргүүлэн татахыг хүссэний дараа АНУ-ын эрх баригчид Цахиурын хөндийн банкны хөрөнгийг хяналтдаа авахаар яаравчилсан байна.
Тус улсын 16 дахь том банкны хадгаламж эзэмшигчид, голдуу технологийн болон венчур капиталын компанийн ажилтнууд энэ долоо хоногт банкны тэнцэлд санаа зовон мөнгөө эргүүлэн татахаар шийдсэний дараа уналтад орсон байна. Энэ нь арав гаруй жилийн өмнө санхүүгийн хямралын оргил үед Vashington Mutual банкны дампуурлын дараах АНУ-ын түүхэн дэх хоёр дахь том банкны дампуурал юм. Silicon Valley Bank буюу Цахиурын хөндийн банк нь технологийн компаниудын санхүүтэй маш нягт холбоотой байсан юм.
Банкны салбар дахь бухимдал долоо хоногийн турш үргэлжилж, Цахиурын хөндийн дампуурлын улмаас бараг бүх санхүүгийн байгууллагуудын хувьцааны ханш баасан гарагт буурч, даваа гарагаас хойш хоёр дахин буурчээ.
Цахиурын хөндийн дампуурал гайхалтай хурдацтай болсон. Зарим салбарын шинжээчид энэ бол сайн компани, ухаалаг хөрөнгө оруулалт гэж баасан гарагт хэлж байсан. Баасан гарагийн өглөө тус банкны удирдлага хөрөнгө босгох, нэмэлт хөрөнгө оруулагч олохыг оролдсон. Гэвч хэт тогтворгүй байдлын улмаас Уолл Стрийтийн арилжаа эхлэхээс өмнө тус банкны хувьцааны арилжааг түр зогсоожээ. Үд дундын өмнөхөн Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорац (FDIC) тус банкийг хаах шийдвэр гаргажээ. Тус корпорац банкны активыг худалдан авагчаа тэр дор нь олж чадаагүй нь хадгаламж эзэмшигчид мөнгөө хэрхэн хурдан татаж байсныг харуулж байна.
Цахиурын хөндийн банкны дампуурал нь олон ногоон эрчим хүчний компаниудыг ирээдүйтэй төслүүдийн явцыг удаашруулахад хүргэж болзошгүй юм. Тус банк нь нарны эрчим хүчний салбарын нийт төслийн 62 хувийг санхүүжүүлэхэд аль нэг талаар оролцож байсан байна.
Мөн тус банкны Их Британийн салбар дампуурлын ажиллагааг эхлүүлэх нь тодорхой болсон байна. Үүнтэй холбогдуулан Их Британийн 250 гаруй технологийн компанийн тэргүүнүүд засгийн газарт хандан нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож, Британийн олон гарааны бизнесийг хаахад хүргэхгүйн тулд Сангийн сайд Жереми Хантад хамтарсан захидал бичжээ.
Эх сурвалж: GOA, Bloomberg