Цаг үеийн мэдээ

Дэлхийн соёлыг тодорхойлогч нэгэн үндэс бол дуу хөгжим, урлаг соёлын өв билээ. Үндэстэн, ястнаа тодорхойлж дэлхийд нэрээ мандуулж домог болсон хамтлаг, дуучид долоон тивийн түүхэнд цөөнгүй. Монгол улсын хувьд XX зуунаас эхлэн дэлхийн хөгжимтэй хөл нийлүүлж шинэ цагийн урсгал, хэмнэлийг нутагшуулж эхэлсэн. Чухам тэр мөчид шинэ цагийн соёлын шуурга дунд олон уран бүтээлчид хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн явсны нэг бол өнөө цагийн амьд домог, алдарт “Хурд” хамтлаг байсан юм. Анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дундаас эхлэлтэй энэхүү хамтлаг өнгөрсөн хугацаанд Монгол түмнийг рок хөгжмөөр хөглөж, сэтгэл зүрхэнд нь дуун дурсамж хоногшуулж чадсан гэхэд болно. XX зууны эхэнд дэлхийг донсолгож байсан рок урсгалыг Монголд нутагшуулж нэг ёсондоо “Монгол Рок” гэж болох олон сонсогчдын чихний чимэг болсон урсгалыг бий болгож, гар бие хөгжүүлж ирсэн. 

Тэгвэл энэ жил Монгол түмнийг уран бүтээлээрээ хөглөж явсан энэхүү домогт хамтлагийн 30 жилийн ойн баяр тохиож байна. Тэдний өнгөрсөн 30 жилд хийж, бүтээсэн урлаг, соёлын шинэчлэл зөвхөн Монгол түмнээс гадна олон улсын сонсогчдын хайр, хүндэтгэлийг ч хүлээж иржээ. 6-р сарын 10-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Хурд” хамтлагийн 30 жилийн ойн баярын “ХУРД 30 ЖИЛ” тоглолтод Якут, Тува, Орос, Өвөр Монгол, Хятад зэрэг аялал жуулчлалын компаниуд хөтөлбөр гарган борлуулж эхэлжээ. Тус хөтөлбөрт Монголын үзэсгэлэнт болон түүхэн, дурсгалт газруудаар аялах “ХУРД 30 ЖИЛ” тоглолтыг үзэх үндсэн үйл ажиллагаа багтсан ажээ. Монгол нэрээр овоглосон уран бүтээлчид дэлхийд нэрээ цуурайтуулж, олон улсын сонсогчдын зорих цэг болсон байх нь бидний бахархал мөнөөс мөн билээ.

 

Таны сурталчилгаа