Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын Ардын армийн Инженерийн цэргийн орлогч дарга, БНМАУ-ын сансрын анхны багийн гишүүн, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн даргаар ажиллаж байсан чөлөөнд байгаа хурандаа Санжаадамбын Сайнцогийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх өдөрлөг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр түүний төрөлх анги болох Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид боллоо.
Өдөрлөгийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн Удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Монгол Улсын гавьяат барилгачин, бэлтгэл хошууч генерал П.Доржсүрэн, Хуурай замын цэргийн командлалын Инженерийн дарга дэд хурандаа Г.Мөнхбат, Барилга-инженерийн цэргийн Удирдах газрын хэлтсийн дарга хурандаа Д.Энхцог, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч асан чөлөөнд байгаа хурандаа Я.Цэнджав, С.Цэдэндамба, бэлтгэл хурандаа С.Содов, тус ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаатар, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч хурандаа Б.Дорждэрэм, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын аварга бэлтгэл хурандаа О.Балжинням, пара-олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав болон Зэвсэгт хүчний инженерийн цэргээр овоглосон ахмадууд, буурал хурандаатай мөр зэрэгцэн ажиллаж байсан он жав найз нөхөд, гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирлээ.
Хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх өдөрлөг ангийн Байлдааны тугийг жагсаалд залснаар эхэлж, буурал хурандаа аранзал улаан тугт хүндэтгэл үзүүлж түүний анхлан байгуулалцаж байсан Монголын таеквондогийн холбооны тамирчин сурагчдын үзүүлэх тоглолтыг хүлээн авч, ангийн Дайчин алдрын танхимд зочилж, инженерийн цэргийн зэвсэглэл техникийг үзэн сонирхлоо.
Дараа нь ангийн Соёлын төвд хурандаа С.Сайнцогийн намтар, амьдрал бүтээлийг хүүрнэсэн баримтат киног үзэж, дурсамж уулзалтаар үргэлжилж, төгсгөлд нь түүний хань Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгорын шавь нар хүрэлцэн ирсэн зочдод уран бүтээлээ өргөн барив. Дайчин нөхдөдөө цахилгаан хөгжмийн “Адмирал” хамтлагийнхан уран бүтээлээ хүргэж, нэгэн өдөр ийнхүү инженерийн цэргийн хурандаагийн амжилт бүтээлээр бахархаж, баясаж өнжсөн юм гэж Зэвсэгт хүчний жанжиг штабаас мэдээллээ.