Цаг үеийн мэдээ

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн махыг энэ сарын 7-ны өдрөөс үе шаттай борлуулж эхэллээ.

Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрээр үе шаттай борлуулна. Тодруулбал, энэ сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн мах худалдаалж эхэлсэн бол хоёрдугаар сарын 10-наас 179 дэлгүүрт, хоёрдугаар сарын 15-наас 100 хувь буюу 446 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулах юм. Нөөцийн мах борлуулах үнийг “Хүчит шонхор” захын ястай махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн мах 30 хувь, хонины мах 25 хувиар хямд буюу үхрийн ястай махыг 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр ”Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтдээ 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 87.3 хувьтай байна. Нийт махны 40 хувь нь үхрийн мах бол 60 хувь нь хонины мах байна. Нөөцийн махны үнийг зах зээлийн үнээс 25-30 хувиар хямд тогтоосон. Энэ жилийн хувьд нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг байхаар савласан. Түүнчлэн нийслэлийн болон орон нутгийн нөөцийн махны сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, нөөц, агуулахын стандарт, эрүүл ахуйн байдал зэрэгт хяналт шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл, стандартын шаардлага хангасан махыг худалдаалж байна гэсэн үг юм. Эрдэнэт, Дархан, Чойбалсан дахь үйлдвэрүүд нь орон нутагтаа савлагаагаа хийж нийслэлийн хэрэглэгчдэд түгээнэ” гэлээ.

Таны сурталчилгаа