Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Боловсролын их сургууль, Монгол Улсын Их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Их засаг их сургууль, Орхон их сургууль зэрэг 7 сургуулийн багшлах эрхийн сургалтын хөтөлбөрт Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дүгнэлт гаргаж, багшлах эрхийн сургалт зохион байгуулах эрх авсан.

Багшлах эрхийн сургалтын хөтөлбөртөө дүгнэлт гаргуулсан их, дээд сургуулиуд улиралд нэг удаа элсэлт авч, сургалт явуулахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургуулийг 53 иргэн төгсөж гэрчилгээгээ гардан аваад байна.

Сургалтын үйл ажиллагааг их, дээд сургуулийн мэргэжлийн багш нар удирдан зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөр нь сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал, хүүхдийн хөгжил хамгаалал, сурган хүмүүжүүлэх зүй, харилцаа, суралцахуй багшлахуй болон мэргэжлийн агуулгын хүрээг хамарсан.

Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалт нь цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж, багшлах дадлага хийж, төгсөлтийн шалгалт өгч төгслөө. Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшлах эрхийн сургалтад 82 иргэн суралцах хүсэлт гаргаснаас шаардлага хангасан 10 иргэн амжилттай суралцаж байна.Тус сургуулийн төгсөлт төлөвлөгөөний дагуу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болно.

Таны сурталчилгаа