Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зэрлэг ан амьтдыг зудын эрсдэлээс хамгаалах зорилгоор хандивын аян зохион байгуулж, цас зудтай байгаа энэ үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандын мөсийг хагалж ус гаргаж өгөх зэрэг арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Зэрлэг ан амьтдыг зудын эрсдэлээс хамгаалах энэхүү хандивын аянд Монголын улаан загалмай нийгэмлэгийн орон нутаг дах Дунд шатны хороод нэгдэн амьтдын идэш, тэжээлд зориулж дэмжлэг үзүүлсээр байна.
Тухайлбал, Увс аймгийн Улаан загалмайн Дунд шатны хорооноос тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтны биотехникийн арга хэмжээнд зориулж 500 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужрын тусламж, дэмжлэгийг үзүүлж, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгсөн.
Мөн Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хорооноос Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, биотехникийн арга хэмжээний ажилд зориулж 500 боодол өвсийг хүлээлгэн өглөө.
Энэхүү аянд Дорнод аймгийн Улаан загалмайн Дунд шатны хороо нэгдэж, Халхгол суман дахь Нөмрөгийн дархан цаазат газрын захиргаанд 500 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужрын дэмжлэг үзүүллээ. Мөн цаашид Нөмрөгийн дархан цаазат газрын захиргаатай хамтран ажиллах талаар ярилцав.
Завхан аймгийн Улаан загалмайн Дунд шатны хорооноос тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтны биотехникийн арга хэмжээнд зориулж 350 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужрын тусламж үзүүлж, Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө.
Баянхонгор аймгийн Улаан загалмайн Дунд шатны хорооноос тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтны биотехникийн арга хэмжээнд зориулж 500 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужрын тусламж үзүүлж, Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөв.
Мөн Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хорооноос Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалтын газрын захиргаанд зэрлэг ан амьтанд биотехникийн арга хэмжээ авч 500 боодол өвс, 200 кг хужир, 500 кг давсны тусламжийг олголоо.