Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2023.10.03) намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа гишүүдийн 52.6 хувийг ирцтэйгээр 09 цаг 29 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд Байнгын хорооны хуралдаанд энэ талаар танилцуулав.

Үндсэн хуулийн цэц энэ удаагийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Тавин зургадугаар зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд дараах дүгнэлтийг гаргажээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "… нэр дэвшигчийн сонсгол хийж … ", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.", Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад "… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар ... Ерөнхийлөгч томилно. ...", Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "… Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, …" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт "… томилгооны сонсгол хийж …" гэж тус тус заасан нь, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "… Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга …" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", 29.1.2 дахь заалтад "… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "… нэр дэвшигчийн сонсгол хийж … " гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоос асуулт асууж, хариулт авахын сацуу 2023 оны 05 дугаар дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, Г.Ганболд гишүүнээс хариулт, мэдээлэл авсан. Дараа нь гишүүд үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд нар дээрх дүгнэлтийг хүлээн авч, хуулиудын холбогдох заалтуудыг Үндсэн хуульд нийцүүлэн томьёолж, өөрчлөх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн. Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох зохицуулалттай. Ингэхдээ санал болгож буй байгууллагууд нь тус бүрдээ томилгооны сонсгол зохион байгуулдаг байх асуудлыг судалж, хууль тогтоомжийг нийцүүлэх талаар хэлж байв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Б.Энхбаяр нар Улсын Их Хурал Цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн авахгүй байх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээд холбогдох тайлбаруудыг хэлсэн юм. Тухайлбал, Ц.Мөнхцэцэг гишүүн, сонсгол бол шийдвэр гаргах үйл явц биш гэдгийг онцлов. Нээлттэй сонсгол нь олон нийтийн мэдэх эрхийг хангах механизм, ардчиллын хамгийн чухал шинжийг илэрхийлдэг чухал процесс байхад Цэц дүгнэлтдээ сонсгол нь шийдвэр гаргах үйл явц хэмээн үзсэн байгааг тайлбарлав. Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байхаар, ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхээр заасан байдгийг Ж.Сүхбаатар гишүүн тэмдэглээд “Хэдэн албан тушаалтан, байгууллагын хооронд яриа хөөрөөгөөр хийгддэг байсан томилгоог нээлттэй сонсголоор нийтэд танилцуулж, мэдээллээр хангаж зөвшилцөөд, олон нийтийн оролцоог ханган, хяналтыг бүрдүүлж буйгаараа дэвшил болсон. Үүн дотор шинээр томилогдох, дахин томилогдох гэдэг нөхцөлийг л ялгах, тодруулах шаардлага бий гэж үзэж байна” гэв. Томилгооны сонсгол нь томилогдоогүй, нэр дэвшигчдийг оролцуулан нийтэд танилцуулах, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор явагддаг учраас аливаа нэг албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдалд нөлөөлөх агуулга байхгүй хэмээн үзэж буйгаа Д.Ганбат гишүүн хэлсэн.

Байнгын хорооны дарга Б.Энхбаяр хэлэлцэж буй дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлээд, дараах тайлбарыг хэлсэн. Тэрбээр “Төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдэлдэг. Улсын Их Хурал нь ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийн дээд байгууллага. Тэр утгаараа ард түмэнд нээлттэй, ил тод, ойлгомжтой байдлаар ажилладаг засаглал юм. Г.Занданшатар даргатай энэ Улсын Их Хурал Монголын парламентын түүхэнд нээлттэй, ардчилсан, ил тод байдлыг хангах чиглэлээр хувьсгал, өөрчлөлтийн шинжтэй алхмуудыг хийж байгааг бүгд мэдэж байгаа. Тэдгээрийн нэг нь нээлттэй, томилгооны сонсгол” хэмээгээд хэд хэдэн томилгооны сонсголын талаар жишээ дурдав. Хаалттай байдлаар явуулдаг үе үеийн томилгоо нь шударга ёсыг өмчилдөг, “хонгил үүсдэг”, өрсөлдөгчөө намнадаг дэглэм тогтоосон бөгөөд энэ Улсын Их Хурал үүнийг нураахын төлөө хүчтэй бодлого явуулсан. Үүний үр дүнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд Улсын Их Хурлаас томилогддог 40 гаруй албан тушаалтан нээлттэй сонсголоор ордог болсон. Үүнийг Үндсэн хуулийн зөрчил гэх нь Монгол Улсын парламентын ил тод байдлыг хязгаарлах үйлдэл гэж үзэж байгаагаа Б.Энхбаяр гишүүн илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.2-т заасны дагуу Байнгын хороо холбогдох хууль, тогтоолын Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр, хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураах зохицуулалтын дагуу шийдвэрлээд, Цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдаанаар дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг нэр дэвшигчийн талаар танилцууллаа. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Намсрайн Батзориг нь 1975 онд Хэнтий аймагт төрсөн. 48 настай, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1982-1990 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын сургууль, 1990-1992 Хэнтий аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгссөн. 1995-1999 онд Шихихутуг их сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2016-2018 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна.

Тэрбээр 1992-1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуульд биеийн тамирын багш, 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар хороонд байлдагч, 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхийн шүүхэд төлөөлөгч, 2005-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслахаар ажиллаж байгаад 2007-2012 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, 2012-2013 онд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна. Үргэлжлүүлэн нэр дэвшигч хууль тогтоомжид заасан холбогдох шаардлагуудыг хангаж байгаа талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Энэхүү танилцуулгын дараа Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг болон Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Батзориг нараас асуулт асууж, хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийг танилцуулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа