1987 онд Монгол Улс нарийн ноост “Хангай”, нарийвтар ноост “Орхон”, “Ерөө” үүлдрийн тохиромжтой хэвшлийн 250,0 гаруй мянган толгой хоньтой болж, нэг хониноос дунджаар 4,0-5,5 кг бүхий 18,0-21,0 микрометрийн нарийнтай 1,1-1,2 мянган тн нарийн ноос үйлдвэрлэн дотоодын үйлдвэрлэлээр нийт хүн амынхаа нарийн даавуу, дарап, сүлжмэл бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж байсан.
Гэвч 1990 оноос зах зээлийн харилцаанд шилжиж эхэлснээс хойш дээрх хонин сүрэгт хийгдэх үржүүлэг, мал аж ахуйн технологит үйл ажиллагаа алдагдаж чанар ашиг, шим нь эрс муудсан төдийгүй 2022 он гэхэд манай улсад дээрх 3 үүлдрийн цэвэр хонины тоо нийт 12,0 мянган толгой болж дээрх үүлдрийн хонин сүрэг устаж, үгүй болох аюулд хүрээд байна.
Иймээс Монголд бий болсон “Хангай”, “Орхон”, “Ерөө” үүлдрийн хонины чанар, ашиг шимийг сайжруулах, газар тариалангийн зарим бүс нутагт тоо толгойг нэмэгдүүлэх, цаашид дээрх төрлийн хонь үржүүлж байгаа малчид, аж ахуйн нэгжийн ашиг орлогыг тогтвортой нэмэгдүүлэх цаашилбал нарийн ноосоор хийсэн сүлжмэл бүтээгдэхүүнээр Монгол улс иргэдийнхээ хэрэгцээг хангадаг болох зорилгоор энэхүү туршилтын төслийг Малын удмын сангийн үндэсний төв, АДРА Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Австрали улсын Малын гений сангийн төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа Нарийн, нарийвтар ноост хонины ноосны чанарыг сайжруулах туршилтын төслийн 1 дүгээр үе шатыг 2022 онд, 2 дугаар үе шатыг 2023 онд тус амжилттай хэрэгжүүлж байна.