Монголын Морин спорт, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. Тэд 2025 оны Засгийн газрын 41 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэв. Холбооны төлөөлөгчдийн зүгээс хаврын морин уралдааныг сэргээх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Тэд унаач хүүхдийн сурч боловсрох эрхийг хамгаалах үүднээс тодорхой саналууд гаргасан бөгөөд хурдан морийг 18-аас дээш насны хүнээр унуулсан ямар ч уралдаан зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдэв.
Холбооны зүгээс олон улсын байгууллагуудын шаардлагыг харгалзан үзэж, хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой гэж үзэж байгаа аж. Энэ хүрээнд:
-Уралдаанч хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг тогтмол хийх,
-Хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөл байгуулах,
-Уралдаанч хүүхдийн хамгаалах хэрэгслийг сайжруулах,
-Хүүхдийн даатгал болон ур чадварыг үнэмлэхжүүлэх зэрэг саналуудыг дэвшүүлжээ.
Монголын Морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн Хашчулуун уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг онцолсон юм. Тэрээр:
"18-аас дээш насны хүнээр хурдан морь унуулна гэдэг шийдвэр гарсан. Гэвч 2019 оноос хойш уралдаан албан бус хэлбэрээр зохион байгуулагдсаар ирсэн. Үүнийг албан ёсны болгож, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй" гэжээ.
Мөн тэрээр дараах гурван саналыг Засгийн газарт хүргүүлсэн байна:
-Хүүхдийн өөрийнх нь хүсэл зориг болон ар гэрийн зөвшөөрлийг авах асуудлыг тогтоолд тусгах.
-Уралдаанч хүүхдийн иж бүрэн хамгаалах хэрэгслийг стандартжуулах.
-Хүүхдийн даатгалын асуудлыг сайжруулж, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах.
Түүнчлэн, уралдаанч хүүхдийн ур чадварыг үнэмлэхжүүлэх, морь унах чадваргүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй байх зэрэг асуудлуудыг онцлон дурдсан байна. Сүүлийн үед зарим уяачид бага насны хүүхдийг зохих бэлтгэлгүйгээр морь унуулж, бүр зарим тохиолдолд биеийн өсөлтийг удаашруулах зорилгоор кола уулгах явдал байгаа гэх сөрөг зүйл явж байгааг тэрээр онцоллоо.
Монголын Морин спорт, уяачдын холбоо энэ жилийг "Хүүхдийн эрхийг хамгаалах жил" болгон зарлаж, хажуудаа Хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөлийг байгуулсан байна. Тэд өв соёлоо хамгаалахын тулд олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаа аж. Хүүхдийнхээ эрхийг ч хамгаалъя, өв соёлоо ч хамгаалъя. Гэхдээ хүүхдийн эрхээс илүү өв соёл байх ёсгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Монголын Морин спорт, уяачдын холбооны байр суурийг Засгийн газар хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй байгаа ч хурдан морины уралдаан болон унаач хүүхдүүдийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа хэвээр байна.