Цаг үеийн мэдээ

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

УИХ-ын энэ намрын чуулганаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах” тухай асуудлыг хэлэлцэж байгаа. Хуулийн өөрчлөлттэй холбоотой ямар мэдээлэл байна вэ? Ямар байр суурьтай байгаа вэ?

Ямар  ч мэдээлэлгүй байна.  Маш энгийнээр бол МАН хуулийн хулгай хийдэг аргадаа бүр гаршчихлаа. Үндсэн хуульд хулгайн аргаар өөрчлөлт хийсэн. Одоо үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай нийцүүлэх гэдэг шалтгаанаар хулгайн аргаар нийслэл, орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт хийх гэж байна.

Сонгуулиас өмнө нэг жилийн дотор сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй байх нь улс төрийн сонгуульд оролцогч талуудын тэнцвэртэй, шударга зарчмыг хангах зорилготой. Эрх зүйн шинжлэх ухааны судалгаа, нотолгоотой зохицуулалт. Гэтэл МАН сүүлийн жилүүдэд олонхоороо түрүү барин ямар ч хуульд гар хүрдэг боллоо. Энэ хорт зуршил Монгол ардчилал, хуульт ёсонд маш том хар мөрөө үлдээж байна. МАН сонгууль болохоос 1 жилийн өмнө, хуулийн хугацаанд энэ хуулийг оруулж ирээд, олон нийт, нийслэл, орон нутгийн хурлаар санал аваад ил тод нээлттэй хэлэлцүүлээд оруулах боломж байсан уу гэвэл байсан. Гэтэл яагаад тэгээгүй юм бэ? Энд ердөө л ганц хариулт байгаа. МАН өөрсдөө уралдааны замаа засаж, өрсөлдөгчдөө нүдийг нь боож уралдах сонгууль хууль батлах гэж байна. Хугацаа тулгаж байгаад хэнд хэлж ярихгүй, бусад намууд, нэр дэвшигчдэд бэлдэх боломж олгохгүй, давуу талуудыг нь хязгаарлах явуургүй санаа гаргаж байна гэж хардаж байна.

Нийслэл, орон нутгийн төлөөлөгчид энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа гэж үү? Эрх баригчдын хувьд зардал, хэмнэх сонгуулийг шударга явуулах зохицуулалтыг нарийсгана гэж яриад байгаа.

Хэрвээ үнэхээр л зардал хэмнэх гэж байгаа, сонгуулийг шударга явуулах гэж байгаа юм бол үүнийг яагаад нийтээрээ ил тод нээлтэй ярилцаж болохгүй байгаа юм бэ? Гэтэл яг ямар өөрчлөлт орох талаар нэг ч төсөл, санал ил болоогүй байна.

Олон нийт, улс төрийн намууд УИХ-ын тухай сонгуулийн хуульд анхаарч, маш соргог байдаг. Ямар ч өөрчлөлт орох уу? Ямар дүрмээр явах уу гэх мэт. Гэтэл тоглоомын дүрмээ аль нэг тал нь сонгууль дөхүүлж тулгаж өөрчлөөд байвал ардчиллын суурь ганхахад хүрнэ. Мөн дээр нь нийслэл орон нутгийн сонгуулийн хууль бол маш чухал. Товчхондоо ардчиллыг анхан шатанд, орон нутагт амьдруулдаг хэрэгжүүлдэг бүтэц бол нутгийн өөрөө удирдах байгууллага.  “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэх байгууллага, субъект нь өөрөө үндсэн хуулиар баталгаажсан  “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн үндсэн хуулийн үзэл баримтлалыг биежүүлдэг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага юм. Гэтэл энэ чухал хуулийг хулгайн аргаар олонхоороо түрүү барьж шийдэх гэж байна. Хуульд өөрчлөлт оруулахын тулд 1 жилийн өмнө өөрчлөхгүй гэсэн хугацааны босгыг үгүй хийхээр олонхоороо хүч түрж байна. Улсын төсөв, НӨАТ-ын 5 хувь гэх мэт том асуудлууд босгож араар нь ийм нарийн ажиллагаа зохион байгуулж байна. Ард иргэд үүнд төдийлөн анхаарахгүй, анхаарлыг нь татахгүй байх нөхцөлийг зориуд бүрдүүлж байна. Энэ хууль бол Монгол Улсын иргэн оршин байгаа орон нутагтаа, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаараа дамжуулж эрхээ эдлэх, амьдралын чанараа хангуулах маш чухал хууль юм шүү. Тиймээс хуулийн өөрчлөлтийг ард нийт, бусад намуудын оролцоо, санал шүүмжийг тусгаж ярих ёстой.

Нутгийн өөрөө удирдах ёс өнөөдөр хэр бодитойгоор хэрэгждэг гэж та бодож байна? Үнэндээ орон нутгийн сонгуульд иргэдийн оролцоо, ирц маш муу байдаг.

Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулгаар бол нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн өөрийн удирдлагын байгууллага бол хэт эрх мэдлийн төвлөрлөөс зайлсхийх, иргэдийн засаглалд хяналт тавих эрхээ бүх түвшинд их, бага гэх агуулгагүйгээр хэрэгжүүлэх л боломж юм, энгийнээр. Өнөөдөр төдийлөн энэ агуулга сайн хэрэгжихгүй байна. Товчхондоо МАН иргэдэд эрх мэдлийг нь өгөх дургүй байна. Нийслэлийг МАН босоо удирдлагаар барьсаар ирсэн. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгчид бол үнэндээ иргэдийг төлөөлөх ямар ч боломжгүй эрх мэдэлгүй хүмүүс болж хувирсан. Энэ тэдний буруу биш системийн буруу. Та орон нутгийн сонгуульд иргэдийн идэвх, ирц муу байна гэж хэллээ. Хотын иргэд мянга сонгуульд саналаа өгөөд тэдний сонголтоор хотын засаглал хэзээ ч бүрдэхгүй байхаар сонгууль өгөөд яах юм бэ? Иргэдийн сонголт орон нутагт эрх мэдлийг хэрэгжүүлэхэд нөлөөлөл багатай, хяналт тавих оролцоо механизм байхгүй учраас сонгуулийн идэвх муу байна. Өнгөрсөн 2022 онд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 30 жилийн ой болсон. Өнгөрсөн 30 жил нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн сорилт бэрхшээлээ туулж зарим талаараа хөгжсөн. Гэтэл иргэдийн хурлаас засаг даргыг томилдог юм байна гэдгийг мэддэггүй залуучууд хүртэл байна шүү дээ. Ер нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудыг тухайн онцлогт тохируулж эрх зүйн хувьд ангилж зааглаж хөгжүүлэх шаардлагатай. Ялангуяа нийслэлийн асуудлыг тусад нь авч үзэж зөвхөн нийслэлд хэрэгжиж эрх зүйн дэд бүтцийг цогцоор нь шинэчлэх шаардлагатай байна. Өнгөрөгч 2021 онд “Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай” хуулийг шинээр баталж үндсэн хуулийн агуулгад нийцэхээр хот, нийслэл тусдаа юм, хот өөрөө хуультай байх ёстой юм байна зэрэг зарчим руу нэг алхам хийсэн. Гэтэл түүний араас яг эсрэгээрээ үйлдлүүдийг МАН хийгээд байна.

Нийслэл өөрөө бие даах биш харин ч Засгийн газрын шууд харьяанд орох тал руугаа явж байгаа юм биш үү. Нийслэлийн ИТХ хотын даргаа томилохгүй намаас томилдог боллоо гэж шүүмжлэл их явж байна. Үүнтэй та санал нэгдэх үү?

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх барьж байгаа нам нь нийслэлийн асуудалд хутгалдаг үзэгдэл тодорхой хэмжээнд байсан уу? Гэвэл байсан. Гэвч энэ удаагийнх шиг эрээ цээргүй, хуульгүй, эрх мэдлийн төлөө улайрсан, хулгайд шунасан үзэгдэл гарч байгаагүй юм шүү. Сүүлийн 2 ч хотын даргыг МАН-ын “улс төрийн товчооноос” томиллоо. Хотын иргэдийн сонголт, ядаж хотын иргэдээс сонгогдсон төлөөлөгчдийн эрх мэдэл рүү шууд нулимж байна. Өнөөдөр Монгол Улсад парламентын засаглал, нутгийн өөрөө удирдах ёс гэж байна уу? Эсвэл ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч засаглаж байна уу гэхээр ямар ч тийм зүйл байхгүй. Цэвэр МАН-ын засаглал тогтож байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд түүхэнд байгаагүй эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга орлогч Ерөнхий сайд болоод төрийн хяналт шалгалтын байгууллагыг гартаа атгаж байна. Энэ бол сонгодог коммунизм. Ийм засаглалын гажуудал асар хортой үр дагаварт хүргэнэ. 1.7 сая иргэнээс сонгогдсон НИТХ хурал, үндсэн хууль бусад хуулиар олгогдсон эрх мэдэл байсаар байтал түүнийг үгүйсгэж бүх эрх мэдлийг засаг дээр татаж байна. Бүр хотын сайд гэж үндсэн хууль зөрчсөн албан тушаалыг гаргаж ирлээ. Энэ бүхний ард хотын асуудлыг шийдэх, иргэдэд эрх мэдэл өгөх ямар ч сонирхол байхгүй. МАН-ын дотоод зодоон бугшаад, дэлбэрэхийн наана ирж байгаагийн шинж. УИХ-ын гишүүн сайдаа өгөн байж хот руу яагаад гүйгээд байгаа юм бэ? ерөөсөө л хотын эрх мэдэл, хөрөнгө мөнгө, албан тушаалыг дагуулж хотын намын хороо гэдэг цөм бүтцээ хянах, тэжээх дараагийн эрх мэдлийн төлөөх зодоонд ашигтай байрлал авах, бат бэх хориглолт байгуулах, давшилтын фронт нээх ийм л улс төрийн хавчуургад бүхэл бүтэн хотыг засаглал, иргэдтэй юутай нь хамт зольж байна шүү дээ. Энэ золиосонд нутгийн өөрөө удирдах ёс арчигдаж, устах аюулд ойрхон ирээд байна. Энэ бол иргэдийн төрийн эрх мэдэлд оролцох үндсэн хуулиар баталгаажсан чухал зарчим. Үүнийг бусниулах гэсэн бусармаг явдалтай хатуу тэмцэнэ.

Таны сурталчилгаа