Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар Ардчилсан намаас зохион байгуулж буй "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлэг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 сум, 1420 баг дээр өрнөж байна.
2016 оноос хойш Монгол улсын өр 9 тэрбум 530 сая $ буюу 6 Чингис бондоор нэмэгдэж, 2012-2016 онуудад төсвийн нийт зарлага дунджаар 5 их наяд төгрөг байсан бол 2023 оны төсөв 20.4 их наядаар батлаад тодотголоор 1.7 их наядыг нэмлээ. Өөрөөр хэлбэл төсөв маань 4 дахин данхайжээ. Засгийн газрын өр 2016 оны 6 сард 16.6 их наяд төгрөг байсан бол 2023 оны 6 сарын 30 байдлаар 31.1 их наяд төгрөгт хүрч 14 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Монгол хүн тус бүр өөрөө ч мэдэлгүй 31 сая төгрөгийн өртэй амьдарч байна. Тиймд бид “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийг хэрэгжүүлж байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд Ардчилсан намын 15 дэд даргаар ахлуулсан Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн баг бүрэлдэхүүн ажиллаж Өрийн дарамтаас хэрхэн ангижрах талаар намын бодлого, шийдлийг иргэд сонгогчид, гишүүд дэмжигчид, төр хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өгч байна.
Түүнчлэн орон нутгийн тулгамдаж буй асуудлуудыг сонсож өрийн дарамт, амьжиргааны түвшин, амьдралын чанар, нийгэм, эдийн засгийн байдлын талаар иргэдээс санал асуулга авч, бизнес эрхлэгчид, иргэд, малчидтай уулзаж тэдэнд тулгамдаж буй асуудал, бэрхшээлүүдэд шийдэл эрэлхийлэн 2024 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн хувьд Монгол Улсын эдийн засаг өсөж, уул уурхайн баялгаас олох орлого үлэмж нэмэгдэж байгаа хэдий ч амьдрал нь өдрөөс өдөрт хүндэрч, өдөр тутмын ахуй амьдралдаа ч хүрэлцэхгүй байгаа учир эрх баригчдын ярьдаг улс орны аж амьдрал сайжирч байгаа гэх ярианд итгэл алдарснаа илэрхийлж бодит байдал дээр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт амьдралд хүнд тусч байгааг олноороо бухимдан илэрхийлж байна.
Энгийн наад захын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ жил ирэх тусам нэмэгдэж, амьжиргаагаа залгуулахад хүнд болсон тухайгаа ярьж сум, орон нутаг дахь дэлгүүр, хоршооны эзэдтэй уулзахад дэлгүүрт өргүй өрх гэж ховор тул өрийн дэвтэр улам зузаарч, байгаа тухай ярьж байна. Энэ бол Монгол Улсын иргэдийн нийтлэг амьдралын дүр төрх юм.
Үүнийг иргэд улсын мөнгийг үрэн таран хийж үр ашиггүй зарцуулалт хийдэг, иргэддээ хүрч ажиллахгүй, авлига хээл хахуульд өртсөн өндөр дээд албан тушаалтнуудтай холбон тайлбарлаж байна.
Мөн орон нутагт намчирхах үзэл газар авсан тул ялаагүй намын гишүүд, дэмжигчдэд ажлын байр хомс байгаа талаар ч ярьж байна.
Татварын дарамтаас болж үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэхэд хүндрэл их байгаа тухай хувийн хэвшлийн байгууллагууд түлхүү илэрхийлсээр байна.
Бид асуудлыг газар дээр нь нүүр тулж сонсоно. Судалгаанд суурилж, бодитой бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Өрийн дарамтгүй Монгол үндэсний хэлэлцүүлгийг хэрэгжүүлж байна.