Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалахын сайд Фам Ван Зиангийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалд нь амжилт хүсэв.

Монгол Улс, БНСВУ-ын найрсаг харилцааг хөгжүүлэх, ялангуяа, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэхүү айлчлал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Батлан хамгаалахын сайд Фам Ван Зианг БНСВУ-ын Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, хүлээн авч уулзаж буйд нь талархал илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдтай салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд идэвхтэй хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Талууд дэлхий дахин болон бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвны төлөөх хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, батлан хамгаалах салбарын солилцоог нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Таны сурталчилгаа