Цаг үеийн мэдээ

Америкийн кино болон дэлгэцийн бүтээлүүдийн шигдгийг шалгаруулдаг Алтан бөмбөрцөг наадмын 81 дэх удаагийн шагнал гардуулах ёслол боллоо. Энэ удаагийн наадмаас “Oppenheimer” кино бүтээл таван шагналын эзэн болж шилдгээр нэрлэгдсэн байна. Өнгөрсөн жил ашиг орлогоороо тэргүүлсэн “Oppenheimer” болон “Barbie” кинонууд нийт 17 төрөлд нэр дэвшиж долоон төрөлд Алтан бөмбөрцөг хүртжээ. 

“Oppenheimer” шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг хөгжмийн зохиол гэсэн таван төрөлд шагнал хүртсэн бол “Barbie” 1,4 тэрбум ам.долларын ашиг орлогоор Бокс Оффисын шилдэг бүтээл, шилдэг дуугаар Алтан бөмбөрцөг шагналын эзэн болжээ. “Barbie” 81 дэх удаагийн Алтан бөмбөрцөг наадамд хамгийн олон буюу есөн төрөлд гэр дэвшсэн байна.

Түүнчлэн “Anatomy of fall”, “The Holdovers”, “Poor Things” кинонууд тус бүр хоёр төрөлд ялагчаар шалгарчээ. 

Харин телевизийн шилдэг цувралаар HBO сувгийн бүтээсэн “Succession” цуврал шалгарч, бусад гурван төрөлд Алтан бөмбөрцөг хүртжээ. Мөн “The Bear”, “Beef” цувралууд тус бүр гурван төрөлд ялагч болсон байна.

Алтан бөмбөрцөг нь шинэ оны хамгийн анхны кино урлагийн болон дэлгэцийн шилдгүүдийг шалгаруулдаг томоохон наадам бөгөөд гуравдугаар сарын 10-ны өдөр Оскарын шагналтнуудыг тодруулж, шагнал гардуулах ёслол болно.