Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхийг хойшлууллаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулахыг хүссэн нийт 156 өргөдөл, албан бичиг иргэдээс УИХ-д хаяглагдан ирсэн байна. Мөн уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуулиудтай уялдуулах үүднээс хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах зарчмын саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгов.
Г.Занданшатар: УИХ бол ард түмний төлөөлөгчдийн байгууллага. УИХ-д хандаж 156 албан бичгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хойшлуулах санал, олон мянган иргэд гарын үсэг зурсан бичиг ирсэн. Ард иргэд эсэргүүцэж байгаа тул хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна. Анхааруулж хэлэхэд, парламентад суудалтай улс төрийн намын удирдлагууд зөвшилцөөд Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулиудыг уялдуулж хэлэлцэх нь зүйтэй гэх зарчмын санал ирүүлсэн.
А.Адъяасүрэн нарын гишүүд энэ хуулийг хэлэлцүүлсэн гэж намайг цэцэд өгсөн байна. Улс төр хийгээд байгаа болохоос биш энэ хуулийн төсөл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй байна гэж УИХ гишүүн үзсэн бол үндэслэл тайлбар гаргаж өөрийн харьяалах намын бүлэг, байнгын хороогоор дамжуулан асуудлыг хөндөх эрхтэй. Гэвч энэ асуудлаар намын бүлэг, эвсэл, УИХ-ын гишүүнээс санал дүгнэлт ирүүлээгүй байна. Хуулиа уншиж, хуулиа сахиж ажиллацгаа.