Газар тариалангийн салбарынхны эрх ашгийг хамгаалахыг шаардсан хоёр тэмцэгч эмэгтэй Парис дахь Луврын музейн Леонардо да Винчийн зурсан алдарт Мона Лизагийн хөрөг зураг руу хулууны шөл цацжээ. Дэлхийн хамгийн алдартай уран зургуудын нэг, 16 дугаар зууны үеийн сод бүтээл гэгддэг Мона Лизагийн хөрөг зургийг шилэн хаалтаар хамгаалсан байдаг учраас шөл цацах үеэр ямар нэг гэмтэл учруулаагүй байна. 1950-аад оны үед Лувр дахь Мона Лизагийн зураг руу нэгэн үзэгч хүчил цацаж гэмтээснээс хойш шилэн хаалтаар хамгаалдаг болжээ.
Зураг руу шөл цацсаны дараа музейн хамгаалалтын ажилтнууд танхимд байсан үзэгчдийг гаргасан байна. Уг явдал ням гарагийн өглөө 10:00 цагт болсон бөгөөд 11:30 цаг хүртэл Мона Лизагийн зурагтай танхимыг хаажээ. Францын Соёлын сайд Рачида Дати тэмцэгчид ирээдүй хойч үедээ өвлүүлж үлдээх үнэт өв Мона Лизагийн хөрөг рүү халдсан тул шүүхэд гомдол гаргана гэж мэдэгдсэн байна.
Хоёр эмэгтэйн уг үйлдэл нь газар тариалангийн салбарыг хамгаалахыг шаардаж байгаа Riposte Alimentaire бүлгийнхний зохион байгуулсан үйлдэл юм. Энэ мэтчилэн эсэргүүцлийн үйлдлээрээ хоол хүнсний аюулгүй хэрэглээг хангаж, сар тутам эрүүл амин дэмээр баялаг хоол хүнс худалдаж авахад зориулж 150 еврогийн карт олгох шаардлагыг тавьж байгаа юм.
Франц болон хөрш Бельги, Герман зэрэг Европын орнуудад газар тариалангийн салбарынхны эрх ашгийг хамгаалахыг шаардсан жагсаал тэмцэл үргэлжилсээр байна.
Эх сурважлж: BBC.com