Цаг үеийн мэдээ

Туркийн Гэбзе хотод байрладаг АНУ-ын Procter & Gamble компанийн үйлдвэрт галт зэвсэгтэй этгээд дайран орж долоон ажилтныг барьцаалжээ. Турк улсын цагдаа нар ажилчдыг барьцаалснаас хойш тусгай ажиллагаа явуулж есөн цагийн дараа барьцааны иргэдийг аюулгүй суллаж чадсан байна. 

Procter & Gamble компанийн үйлдвэр рүү дайрсан этгээд угаалгын өрөө рүү орсон хойно барьцааны хүмүүсийг суллаж, гэмт этгээдийг баривчилжээ. Цагдаагийн тусгай ажиллагааны үеэр барьцааны иргэд гэмтэж бэртээгүй ба сэжигтэй этгээдийг ямар нэг гарз хохиролгүй барьжээ. 

Гэбзе хотын захирагч Седдар Явузын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр халдагч этгээд Газын зурваст явуулж байгаа Израилын дайралт довтолгооныг зогсоох зорилготойгоор энэ үйлдлийг хийсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр барьцаалагч этгээд пүрэв гарагийн өдөр 15:00 цагт үйлдвэрийн байр руу нэвтэрчээ. Энэ үйлдлээрээ дэлхийн нийтийн анхаарлыг татаж Газад туслахыг хүссэн сэжигтэн тэсрэх бөмбөг байж болзошгүй зүйлийг цээжиндээ зүүж, гар буу барьсан зураг цахим сүлжээнд тархжээ. 

Хүн амынх нь 90 гаруй хувийг исламын шашинтнууд эзэлдэг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Израилыг шүүмжлэгчдийн нэг бөгөөд Палестины иргэдийн эсрэг террорист халдлага үйлдэж байна хэмээн Бенжамин Нэтаньяхуг зэмлэсээр ирсэн юм.

Эх сурвалж: BBC.com

Таны сурталчилгаа