Цаг үеийн мэдээ

Чили улсын Валпараисо мужид суурьшлын бүсэд нэвтэрсэн ойн түймрийн улмаас нас барсан хүний тоо өнөөдрийн байдлаар 112-т хүрчээ. Түймрийн үеэр сураггүй болсон хэдэн зуун хүн байгаа тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулж байна. 

Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борик улс даяар онц байдал зарлалаа. Ойн түймэртэй тэмцэхийн тулд бүх шаардлагатай эх үүсвэрээр хангах болно гэдгийг төрийн тэргүүн мэдэгдсэн байна. 

Чилийн нийслэл Сантьяго хотоос 116 км зайтай, зуны улиралд амрагч жуулчид олноороо цугладаг Валпараисо мужийн Вина дель Мар, Лимаче, Килпуэ, Вилла Алемана хотуудад хөл хорио тогтоожээ. Эрүүл мэндийн яамнаас Валпараисо мужийн эмнэлгүүдийг сонгомол хагалгаа, мэс ажилбаруудаа зогсоож хээрийн түр эмнэлгүүдийг нээхийг уриалж байна. Мөн түймэрт түлэгдэж бэртсэн хүмүүст туслахаар анагаахын сургуулийн төгсөх курсийн оюутнуудыг цалинтайгаар ажиллуулах хүсэлт тавьжээ. 

Барилгын яамнаас түймэрт 3,000-6,000 байшин шатсан гэж мэдэгджээ. Ням гарагийн байдлаар Чилийн 26,000 га ойн бүс түймэрт шатсан байна. Тус улсад агаарын температур цельсийн +40 хэмд хүрч халж байгаа бөгөөд асаж байгаа 34 түймрийг унтраахаар мянга мянган гал сөнөөгч тэмцэж байна.

Таны сурталчилгаа