Цаг үеийн мэдээ

Авиралтын улирал эхлэх гэж буй энэ үед Балба улсын эрх баригчид “бүх уулчин байршил тогтоох чиптэй байх ёстой” гэсэн шаардлагыг тавьж байна.

“Нэр хүндтэй томоохон компаниуд чипийг ашиглаж байсан бол одоо бүх уулчин үүнийг заавал хэрэглэх ёстой” гэдгийг Балбын Аялал жуулчлалын газрын дарга Ракеш Гурунг хэллээ.  Ингэснээр уулчид гэмтэж осолдсон тохиолдолд эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай явуулах боломжтой.

Уг чипийг Европын улсад үйлдвэрлэсэн гэж Р.Гурунг хэлсэн боловч яг аль улсад, ямар компанид хийсэн болохыг дурдсангүй. 10-15 долларын үнэтэй уг чипийг уулчдын хүрэмний дотор оёж тогтоох бөгөөд тэднийг уулнаас бууж ирснийх нь дараа чипийг салган авч аялал жуулчлалын байгууллагад эргүүлэн тушаах ба чипийг сэргээсний дараа дараагийн уулчинд өгөх ажээ.  

8849 м өндөр Эверестийн оргилд гарах гэсэн уулчдын ихэнх нь Балбын талаас авирахыг оролддог бөгөөд нэг удаагийн авиралтанд 11 мянган доллар төлдөг байна. Үүн дээр тоног хэрэгсэл, хоол хүнс, нэмэлт хүчилтөрөгч, хөтөч шерпа нарт төлөх хөлс мөнгө зэргийг тооцож үзвээс оргилд авирах зардал 35 мянган долларт хүрдэг байна.  

Дэлхийн хамгийн өндөр 10 оргилын 8 нь Балбын нутаг дэвсгэрт оршдог тул тус улс уулын спортоос багагүй хэмжээний мөнгө олдог ажээ.

Уулчид Эверестэд авирахын тулд дунджаар хоёр сарын хугацаа зарцуулдаг бөгөөд 5 дугаар сарын дундуур тохиодог маш богинохон цонх үе бол цаг агаарын хувьд авиралт хийхэд хамгийн тохиромжтой үе юм.  

Өнгөрсөн онд Непалын эрх бүхий байгууллагаас Эверестэд авирах 478 зөвшөөрлийг олгосон нь урьд хожид байгаагүй их тоо ажээ.  

Харамсалтай нь, авирах явцад 12 уулчин амиа алдаж, 5 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.  

 

Таны сурталчилгаа