Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэх 2025 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг танилцуулжээ. 

Тэрээр батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын салбарт 895 тэрбум доллар (жилийн өмнөхөөс нэг хувиар илүү) хүссэн бөгөөд үүний 850 тэрбумыг Батлан хамгаалах яамны хэрэгцээнд зориулна гэж ерөнхийлөгчийн засаг захиргаанаас гуравдугаар сарын 11-ний даваа гарагт нийтэлсэн баримт бичигт дурдсан байна.

Батлан хамгаалах салбарын зардал харьцангуй бага өссөн нь 2023 онд хоёр жилийн хугацаатай харилцан зөвшилцөлд хүрсэнтэй холбоотой юм. Тухайлбал, Lockheed Martin компанийн үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч онгоцыг худалдан авах зардлыг бууруулахаар төлөвлөж байна. Эдгээр төлөвлөгөөг Конгрессоор хэлэлцүүлэх бөгөөд улмаар батлан хамгаалах төсөв 900 тэрбум доллароос давна гэж Reuters агентлаг тэмдэглэжээ.

Мөн НАТО дахь холбоотнууд, “Европын бусад түншүүдийг” дэмжих зардлыг төсөвт оруулсан боловч өнгөрсөн оны 10 дугаар сард Конгресс Киевт тусламж үзүүлэх нэмэлт санхүүжилтийг батлаагүйтэй холбоотойгоор "Украинд үзүүлэх чухал дэмжлэг"-ийг тусгаагүй байна.

2025 оны санхүүгийн жилийн төсөвт нийтдээ 7.3 их наяд долларын зардал тусгагдсан бөгөөд компаниудын аж ахуйн нэгжийн татварыг 21-ээс 28 хувь болгон нэмэгдүүлэх, мөн жилд 400 000 доллароос дээш орлоготой хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй гэр бүл, бага, дунд орлоготой иргэдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийг тусгажээ.

Ирэх санхүүгийн жилийн төсвийн төслийг удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай байгаа Ж.Байден Конгресст үг хэлснээсээ хойш хэдхэн хоногийн дараа танилцууллаа.

Харин Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсон төсвийн хуулийн төслийг буцаасан байна. 

Таны сурталчилгаа