Карибын тэнгисийн эргийн Хаити улсад сар орчмын хугацаанд зэвсэглэсэн гэмт бүлэглэлүүд болон Засгийн газрын цэргүүдийн хооронд цус асгаруулсан мөргөлдөөн үргэлжилж онц байдал зарлан, хөл хорио тогтоогоод байсан юм. Гэмт бүлэглэлүүд ардчилсан сонгуулиар сонгогдоогүй Ерөнхий сайд Ариэль Хенри огцрох хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байсан бол тэрээр огцрох шийдвэрээ танилцуулжээ.
Гэмт бүлэглэлүүд Хаитийн нийслэл Порт-о-Пренс хотын 80 гаруй хувийг эзэлсэн бөгөөд дэлгүүр худалдааны төвүүд, олон улсын нисэх буудал, хорих газрууд руу дайрч галдан шатаасан байна. Тус улсад үүссэн нөхцөл байдлыг хэрхэн намжаах асуудлаар Карибын орнууд болон АНУ, Франц зэрэг улс орнуудын төлөөлөгчид Ямайка улсад шуурхай хуралджээ. Хуралдааны дараа Ерөнхий сайд Хенри огцрох шийдвэрээ гаргасныг хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ямайкад очиж, бүс нутгийн орнуудын уулзалтад оролцжээ. АНУ Хаитийн хямралыг намжаахад 333 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсныг Блинкен хэлжээ.