Цаг үеийн мэдээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд явуулсан санал хураалтаар “АНУ-ын иргэдийг гадаадын дайсны хяналттай программаас хамгаалах тухай хууль”-ын төслийг дэмжсэн байна. Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 352 нь дэмжиж, 65 гишүүн татгалзсан санал өгчээ. 

Хэрвээ “АНУ-ын иргэдийг гадаадын дайсны хяналттай программаас хамгаалах тухай хууль”-ийг Сенатын танхимын гишүүд дэмжвэл Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурна. Тус хууль батлагдвал Хятадын Засгийн газрын хяналтад үйл ажиллагаа явуулдаг хэмээн сэрдэгдсээр ирсэн ByteDance компанийн эзэмшдэг ТикТок аппликейшныг АНУ даяар хориглох ажээ. 

Өөрөөр хэлбэл уг хуулийн дагуу ByteDance компани 180 хоногийн дотор ТикТок апп-ыг худалдах, эсхүл Америк даяар Apple болон Google-ын апп сторуудад ТикТок-ыг хориглох заалттай юм байна. 

Хятадын Засгийн газар ТикТок аппликейшныг Америкийн Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг гэрчлэх нотлох баримтгүй ч хориглох хуулийг дэмжсэнд сэтгэл дундуур байгаа бөгөөд эсэргүүцсэн байр суурийг илэрхийлжээ. 

ТикТок нь АНУ даяар 170 сая хэрэглэгчтэй, тус улсын зах зээлээс зар сурталчилгаагаар дамжуулан жилд 8,6 тэрбум ам.долларын ашиг олдог байна. 

Таны сурталчилгаа