Цаг үеийн мэдээ

2024 оны зуны Олимпын наадам эхлэхээс яг 100 хоногийн өмнө Парис хотын цагдаа нар хотын захын Витри-сюр-Сейн дүүргээс олон тооны цагаач иргэдийг албадан гаргаж эхэлжээ. 

Нэгэн автобусны компанийн ашиглалтаас гарсан байран дахь түр хуаранд 450 орчим цагаач амьдарч байсны дийлэнх нь залуу эрчүүд байсан байна. Мөн бага насны хүүхдүүдтэй эхчүүд ч байжээ. 

Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, тэнд байсан цагаачдын ихэнх нь бичиг баримттай байсан бөгөөд нийтийн түрээсийн байранд орохоор хүлээж байжээ.

Ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болох Олимпоос өмнө хотыг “цэвэрлэх” ажиллагааны явцад хөөгдөж буй хүмүүс орон сууцны тусламж авч чадахгүй байх вий гэдэгт санаа зовж байгаагаа тусламжийн байгууллагууд илэрхийлжээ.

“Албадан гаргаж буй цагаачдын бүлэг нь Францад хамгийн томд тооцогдож байна. Олимпоос шалтгаалан нэг жилийн дотор эндхийн оршин суугчдын тоо хоёр дахин ихэссэн. Өнгөрсөн жил холбогдох албаныхан Олимпын тосгоны ойролцоо амьдардаг цагаачдыг нүүлгэн шилжүүлсний улмаас олон хүн энд ирсэн” гэж “Медецинс ду Монде” хүмүүнлэгийн байгууллагын ажилтан Пол Алаузи ярилаа.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хэд хоног үргэлжилнэ гэж эрх баригчид мэдэгджээ. Лхагва гарагт 300 орчим хүнийг дээр дурдсан дүүргээс албадан гаргасан бол 150 хүн өмнөх шөнө нь тэндээс явсан байжээ. Хөөгдсөн хүмүүсийн ихэнхийг Францын бусад хотод хүргэхээр автобусанд суулгасан байна. Энэхүү ажиллагаа нь сургуулийн насны хүүхдүүдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлнө хэмээн санаа зовниж байгаагаа зарим байгууллага илэрхийлжээ.

Таны сурталчилгаа