Арабын хойг болон булангийн орнуудад их хэмжээний хур тунадас орсны улмаас Арабын нэгдсэн Эмират болон Оман улсуудад үерийн аюул нүүрлэж байна. Үерийн улмаас Эмиратад нэг, Оманд 18 хүн амь эрсэджээ.
Арабын нэгдсэн Эмират улсын эдийн засаг, аялал жуулчлалын гол төв болсон Дубай хот үерт автаад байна. Тэр дундаа жилд 80 гаруй сая зорчигч хүлээж авдаг Дубайн олон улсын нисэх буудал үерт автсаны улмаас үйл ажиллагаа нь саатаж, зорчигчдын хөлд дарагджээ. Дубайн олон улсын нисэх буудал АНУ-ын Атлантагийн олон улсын нисэх буудлын дараа дэлхийн хоёр дахь том нисэх буудалд тооцогддог.
Лхагва гарагийн байдлаар Дубайгаас хөөрөх болон Дубайг чиглэсэн 290 нислэгийг цуцалж, 440 нислэгийг хойшлуулаад байна. Улмаар нисэх буудал зорчигчдын хөлд дарагдаж, ачааллаа дийлэхгүй болжээ.
Нисэх буудлын зогсоол дээр байгаа аварга онгоцнууд завь мэт усан дээр хөвж харагдсан байна. Дубайн олон улсын нисэх буудлын зүгээс иргэд зорчигчид, аялагч жуулчдыг зайлшгүй шаардлага гараагүй тохиолдолд нисэх буудал дээр ирэхгүй байхыг сануулж байна. Лхагва гарагийн өглөө 08:00 цагаас пүрэв гарагийн шөнө дунд хүртэл Дубайгаас хөөрөх бүх нислэгийг зогсоож, шалган нэвтрүүлэх хаалгануудыг хаажээ.