Засгийн газрын ээлжит хуралдаан болж 30 орчим асуудал хэлэлцлээ. Гол шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлд өндөр ачаалалтай байгаа гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх талаар танилцуулга хийлээ. Өнгөрсөн 2 жилд Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлж, сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халсан. Цаашид гурван ээлжээр хичээллэх эрсдэлд улсын хэмжээнд 47 сургууль байна. Тэрхүү сургуулиудын хөрөнгө оруулалтыг 2024 оны улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлж эхэлсэн боловч зарим ажлууд удаашралтай байгаа учраас нийслэлд шилжүүлсэн. Энэхүү ажлыг гүйцэтгэх үүргийг нийслэлд шилжүүлж, Нийслэлийн захирагчтай хамтран хийх эрх олгож байгаа юм. Хамгийн ачаалал ихтэй байгаа ХУД-ийн 26 дугаар хороо, ХУД-ийн 15, 16 дугаар хороо, БЗД-ийн 26, 36 дугаар хороо, БГД-ийн 24 дүгээр хороо, ХУД-ийн 23, 24 дүгээр хороо, БЗД-ийн 25, 45 дугаар хороо гэх мэтээр сургуульгүй хорооллууд их баригдсан. Тиймээс Нийслэлийн захирагч сургуульгүй баригдсан хорооллуудыг барьсан барилгын компаниудтай хэлэлцээрт орж, зарим газруудыг чөлөөлүүлж байгаа. Чөлөөлөгдсөн сургуульгүй газрууд дээр тавдугаар сард Нийслэлийн төсөвт тодотгол хийж тодорхой хөрөнгө оруулалтыг шийдэх ажлыг БШУЯ-тай хамтран хийж, тодорхой үр дүнд хүрч буй ажил юм.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Засгийн газрын хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ хуулийн хүрээнд гол баримталж буй зарчим нь хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал ганц сайдын асуудал байх ёсгүй. Салбар болгоны сайдын хувьд асуудал байх ёстой. Жишээ нь, БХБ сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүнд барилга ээлтэй байх ёстой. Зам харгуйг шийдэх ёстой. Дээрээс боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг салбар болгоны бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг оруулах, үүнтэй холбоотой хуулийн зохицуулалт хийж өглөө.
С.ОТГОН