Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын 12 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамны олон улсын харилцааны асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Амитабах Прасад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар дэд сайд Б.Баярмагнай хэлэхдээ, “Оюун санааны хөрш” Бүгд Найрамдах Энэтхэг Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн харилцааны хүрээнд батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа эрчимжин хөгжиж байгааг тэмдэглэж, хоёр талын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтаа амжилттай явуулна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамны Туслах төрийн нарийн бичгийн дарга Амитабах Прасад хэлэхдээ, Энэтхэг, Монгол хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын яриа хэлэлцээний механизм улам бүр бэхжиж байгаад баяртай байгаа бөгөөд цаашид хоёр талын айлчлал, солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.