УИХ-ын сонгуульд АН анхнаасаа бокстой, секстэй, ботокстой, кекстэй, зодоонтой нүдээнтэй, лаазтай, савтай эхлүүллээ. СЕХ нэг ширхэг АН-аас Л.Гантөмөрийн тамгатай, Ж.Батсуурийн дутуу гарын үсэгтэй, Хятадын иргэн биш Монголын иргэн С.Баярцогт, Монголоо биш Д.Оросоо нарын хувийн гэх мэт гурван өөр бичиг хүлээж авсан байна. Гарын үсэгтэй, гарын үсэггүй, нэр ус нь өөрчлөгдсөн, нэг бол давхардсан, нэг намын гурван өөр тогтоолын чухам аль нь хүчинтэй хүчингүйг ялгаж тогтоох эрх СЕХ-нд хуулиар байхгүй тул сонгуулийн босгонд бүдэрч, шүүхийн хаалга татахад хүрсэн.
Тойрог, жагсаалтанд нэр дэвшигчид нь ороод гарах, гараад орох, ороод гараад тэгээд орох, түрдээ татгалзах, бүр болих гэх мэтээр орон гаран, гаран орон байдалтай байна. З.Нарантуяа тайзнаас өргүүлж буугаад, АН-аас гарлаа гэж хэлээд, АН-д Завханаас орсон байна. Элийрэгч хэмээх Ц.Уянга ХУД-ээс хөөгдөөд АН-ыг ялагдуулахын төлөө ажиллахаа зарлан, СХД-т АН-д ороход Г.Уянга түлхэгдэн гарсан байна.
Жишээ нь хоёр өөр бичгээр жагсаалтын 9-д С.Баярцогт, Х.Тэмүүжин хоёр хоёулаа байна. С.Баярцогт кунфү стилээр Болор-Эрдэнийг мөргөөд өөрийгөө оруулсан бол, хийн буудлагаар хичээллэдэг Х.Тэмүүжин түүнийг онилоод буудлаа. Гэвч С.Баярцогтын зурагтай, сая долларын шагналтай, оффшор хөдөлгөөнт бай ахин босож ирлээ.
Тагнуулын экс дарга Б.Хурц, өмгөөлөгч О.Баасанхүү нар 10-р тойргийн СБ, ЧД-т нэг орон тоон дээр нэр нь давхацлаа. Генералд бол ёсолно гэж МАН-ын Т.Бадамжунайн өмнө согтуугаар илтгэж байсан МАХН-ын дэслэгч О.Баасанхүү цолоо бодоод мултарч байх шиг байна. Нам биш намын дарга Д.Амартүвшин АН-д 17 хоноод хулхидуулсан тул жагсаалтын 29-ээс нэрээ татлаа. Х.Баттулгын талынхан Ц.Элбэгдоржийн талыг урд хөрштэй, Ц.Элбэгдоржийн талынхан Х.Баттулгын талыг хойд хөрштэй хардаж байгаа бол АН өөрийгөө МАН-тай хардаж байна.
Бүтэн ардчилал уу бүрхэг ардчилал уу, Бүтэн Монгол уу бүтэлгүй Монгол уу? гэдэг сонгуулийн дүнгээр тодорно. АН өөрөө сонгуульд орохооргүй байгаа ч АН-ыг өөрийг нь сонгуульд оруулахаа өөр аргагүй болоод байна.
АН-ын жагсаалтыг АН-ын удирдлагатай, удирдлагагүй удирдлагууд тэргүүлсэн боловч 126 гишүүнээс уг нь 102 нь шинэ нэр дэвшигч юм байна.