Цаг үеийн мэдээ

Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2024.05.28/ УИХ-ын гишүүн асан, “Монполимет групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын гэр, ажлын байранд нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчилжээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа. 

Н.Тэмүүлэн: Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2024 тавдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан этгээдийн орон гэрт нь болон бусад холбогдох объектуудад нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг ажиллагааны хүрээнд шалгах ажиллагаа явж байгаа учраас хуульд заасан үндэслэл журмын дагуу 48 цагийн хугацаагаар одоогийн байдлаар баривчилсан байгаа.

Ямар үндэслэлээр уг этгээдийг шалгаж байгаа вэ гэхээр уг этгээд Хөгжлийн банкнаас зээл авсан. Зээлээ авсныхаа дараа зориулалтын бусаар зарцуулсан. Зориулалтын бусаар зарцуулахдаа мөнгө угаах хэлбэрээр буюу гадаадын улс орнуудад бусдын нэр дээр хөрөнгө бий болгоод нуусан байж болзошгүй үндэслэлээр шалгалтын ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна эзэмшиж байгаа лицензүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа учраас Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албатай хамтраад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.

Хэр удаан шалгаж байсан бэ?

Мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд нууц байх ёстой. Хэзээ шалгаж эхэлсэн, хэдий хугацаанд шалгаж байгаа вэ гэдэг мэдээллийг өнөөдөр өгөх боломжгүй байна.

Зээлээ төлчихсөн юм байна лээ?

Зээл төлсөн, төлөөгүй хамаагүй. Өөрөө Монгол Улсад хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангиудад заасан гэмт хэргүүдийг үйлдсэн бол мөрдөн шалгах ажиллагаа явуулна. 

Баривчилж байгаа цаг хугацаа нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй ойролцоо байгаад байна. Холбоотой байж магадгүй гэх хардлага бий. Хөгжлийн банкны хэрэг гараад их удлаа шүү дээ?

Хөгжлийн банкны хэргүүд гараад шалгагдсан. Шалгагдаад эхний ээлжинд мөрдөгч хангалттай нотлох баримт цугласан гэж үзсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх бас холбогдох шийдвэрээ гаргасан. Гэлээ гээд Хөгжлийн банкны бүх хэргүүд шүүх дээр яваагүй Авлигатай тэмцэх газар дээр үргэлжлүүлэн шалгаад явж байгаа. Энэ хүрээндээ шалгалтын ажиллагаанууд нь хийгдэж байгаа.

Лицензүүдийг хууль бусаар авсан байж болзошгүй асуудал бий. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна. Тэгэхээр цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа.

Таны сурталчилгаа