Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Өлзийт сумаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит yлс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.
Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р. Пүрэвдагва, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Эбэг" ХХК, "Хан-Хэнтийн аварга" дэвжээний бөх, улсын харцага Г.Бадрах нар шалгарлаа.
Наймд улсын харцага Х.Гантулга, улсын начин Ө.Батзул, улсын начин О.Түмэн, аймгийн арслан Д.Аззаяа нар үлдэв.
Энэхүү барилдааныг санаачлан МҮБХ, “Хөшөөт Мандал” ХХК-тай хамтран зохион байгуулсан Өлзийт сумын уугуул, аймгийн начин А.Өгийдалайд нутаг усныхан, найз нөхөд, шавь нар нь хүндэтгэл үзүүллээ.
Тус барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөг гардсан бол үзэгчдийн дундаас 4 азтан мөнгөн аяга, 2 азтан 500.000 төгрөг тус тус гардсан юм.
Маргааш буюу тавдугаар сарын 31-нд 10:00 цагаас цэргийн цол, чимэг олгох 33 дахь удаагийн "Бүх цэргийн наадам" Монгол бөхийн өргөөнд болно.